
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ираны дайныг зогсоохыг дэмжиж гурав дахь удаагаа санал хураан, Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг хязгаарлах дайны эрх мэдлийн тухай тогтоолыг баталлаа.
Мягмар гаргийн орой болсон санал хураалтаар тогтоолыг 220-204 саналаар дэмжсэн байна. Энэ нь зуны эхээр гаргасан өмнөх оролдлогуудтай төстэй бөгөөд мөргөлдөөнийг зогсоохыг дэмжсэн бүх Ардчилсан намын гишүүдэд хэд хэдэн Бүгд найрамдах намын гишүүн нэгдсэн байна.
Бүгд найрамдах намын долоон гишүүн тогтоолыг дэмжсэнээс гурав нь анх удаа дэмжсэн байна.
Айова мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Зак Нанн саналынхаа талаар тайлбарлахдаа, “Хэлэлцээ хийх боломж хаагдсан тул байлдааны ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд одоо Конгрессын зөвшөөрөл шаардлагатай. Би эцэс төгсгөлгүй үргэлжлэх өөр нэг дайныг дэмжихгүй” гэж Нанн хэлсэн байна.
Гэвч эдгээр тогтоолын аль нь ч Ерөнхийлөгчийн ширээнд хүрээгүй, хүрсэн тохиолдолд Трамп уг арга хэмжээнд гарцаагүй хориг тавих юм.
Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны дарга, Флорида мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Брайан Маст Ардчилсан намын гишүүд бүс нутгаас АНУ-ын ямар цэргийн нөөцийг гаргахыг хүсэж байгааг асуужээ. Түүний хэлснээр Иран одоо ч аюул занал хэвээр байна.
Маст Трамп “мөнхийн дайнуудын” эсрэг байдаг ч “түүний зогсоож буй зүйл нь энэ” гэж хэлсэн байна. Тэрээр Ирантай олон арван жил үргэлжилсэн сөргөлдөөнийг хэлжээ. “Тэд АНУ-д тасралтгүй, үргэлжилсэн аюул занал учруулж байна. Хангалттай” гэж Маст хэлсэн байна.
Завсрын сонгуулийн өмнөх нөхцөл байдал
Гадаад дахь мөргөлдөөн улс төрийн кампанит ажилд чухал байр суурь эзэлж байгаа энэ үед уг санал хураалт нь завсрын сонгуулийн өмнө Төлөөлөгчдийн танхимд болох Ираны дайны талаарх сүүлчийн санал хураалт байх магадлалтай.
Трампын хоёрдугаар сарын 28-нд эхлүүлсэн дайн үргэлжилж, долоон сарын турш пуужингийн цохилтууд үе үе сэргэж, тасалдах байдлаар солилцогдон, бүс нутагт ихээхэн хохирол учруулж байна.
Хууль тогтоогчид долоо хоногийн эцэст нутаг буцаж, сонгуулийн кампанит ажилд бараг бүтэн цагаар оролцоно. Конгрессын хяналтыг тодорхойлох сонгууль болоход 50 хүрэхгүй хоног үлдээд байгаа бөгөөд Ардчилсан намынхан Бүгд найрамдах намаас эрх мэдлийг эргүүлэн авахыг зорьж байна.
АНУ-ын Ираны дайн
АНУ-ын Иран дахь дайн нь инфляцыг нэмэгдүүлж, тус улсын зэвсгийн нөөцөд дарамт учруулж байгааг нам бус Конгрессын Төсвийн алба (CBO)-ны тайланд дурджээ.
Мягмар гарагт нийтлэгдсэн тайланд зургаан сарын дайны зардал 38 тэрбум ам.долларт хүрсэн, энэ тоо сар бүр 3 тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвтэй гэжээ. Мөн дайн 2027 оны эхний гурван сард инфляцыг 0.5 нэгж хувиар өсгөнө гэж тооцоолсон байна.
Трамп өөрөө Цагаан ордонд хоёр дахь удаагаа сонгогдохдоо АНУ-ыг гадаадын дайнд оролцуулахгүй гэж амлаж байсан. Гэвч түүний Ираны эсрэг явуулж буй үйл ажиллагаа нь Төлөөлөгчдийн танхим болон Сенатыг хянаж буй Бүгд найрамдах намд дарамт болж байна.
Долдугаар сард явуулсан AP-NORC-ийн санал асуулгын дүнгээр ихэнх америкчууд Ираны дайнд оролцсон нь үнэ цэнтэй байгаагүй гэж үздэг.
Өмнөх дайны тогтоолууд
Конгресс Ираны эсрэг дайны явцыг өөрчлөхөөр удаа дараа оролдсон ч Трампын засаг захиргааны цэргийн ажиллагааг хязгаарлах хүчин чармайлт нь Ерөнхийлөгч эдгээр арга хэмжээг няцаах эсвэл хориг тавих боломжтой хэвээр байгаа нөхцөлд амжилтад хүрэхэд бэрх юм.
Төлөөлөгчдийн танхим дайны эрх мэдлийн тухай тогтоолыг анх зургадугаар сард баталж, долдугаар сард дахин нэг тогтоол баталсан. Аль аль нь АНУ-ын Иран дахь ажиллагааг зогсоохыг зорьжээ.
Сенат мөн арав дахь оролдлогоороо мөргөлдөөнийг зогсоох дайны эрх мэдлийн тухай тогтоолыг баталсан боловч Трамп хаалттай үдийн зоогийн үеэр сенаторуудыг зэмлэсний дараа Бүгд найрамдах намын сенаторууд маргааш нь уг шийдвэрээсээ буцсан байна.
Үндсэн хуульд Конгресс дайн зарлах эрхтэй гэж заасан ч Ерөнхийлөгчид Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар зарим цэргийн ажиллагааг явуулах эрх мөн олгосон байдаг. Вьетнамын дайны дараа батлагдсан Дайны эрх мэдлийн тухай хууль нь Ерөнхийлөгчийн эрх мэдэлд илүү тодорхой хугацааны хязгаар тогтоохыг зорьж, 60 эсвэл 90 хоногоос дээш үргэлжлэх цэргийн ажиллагаанд Конгрессын зөвшөөрөл авахыг шаардсан байна.