
Канадын ойн түймрийн улмаас үүссэн өтгөн утаа АНУ-ын зарим бүс нутгийг бүрхэж, агаарын чанарын аюултай түвшний анхааруулга зарлаад байгаа нь хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна. Ням гарагт Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд дахь задгай цэнгэлдэх хүрээлэнд Испани болон Аргентины шигшээ багууд аваргын төлөө тоглох юм.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос (FIFA) мэдээлснээр, одоохондоо агаарын чанарын үзүүлэлт шигшээ тоглолтыг хойшлуулах хэмжээний аюул учруулаагүй тул товлосон хугацаандаа явагдана гэдгийг баталлаа. Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулах хороо, Цагаан ордны ДАШТ-ий асуудал эрхэлсэн ажлын хэсэг болон FIFA-гийн төв байранд ажиллаж буй Үндэсний цаг уурын албаны мэргэжилтнүүд нөхцөл байдлыг цаг тухай бүрд нь хянан ажиллаж байна.
Долоо хоногийн эхэн үетэй харьцуулахад агаарын чанар бага зэрэг сайжирсан ч, амралтын өдрүүдээр утааны өтгөрөлт дахин нэмэгдэж болзошгүйг цаг уурчид анхааруулж байна. Гэсэн хэдий ч тоглолт болох үеэр агаарын бохирдол буурч, тэмцээнийг аюулгүй үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэж таамаглаж байгаа аж.
Одоогийн байдлаар Канад улсад, ялангуяа Онтарио мужид 200 гаруй ойн түймэр хяналтаас гарчээ. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн далайц эрчимтэй нэмэгдэж, устсан талбайн хэмжээ 2.8 сая гектарт хүрсэн ч, энэ нь 2023 оны дээд амжилт тогтоосон түймрийн хэмжээнд хараахан хүрээгүй байгаа юм.