
Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхайн “Мөнхийн шалтгаан” шүлгийн түүвэр хятад хэлээр хэвлэгджээ. Тус түүврийг нэрт дуун хөрвүүлэгч С.Хасун хятад хэлнээ орчуулсан аж. Энэхүү түүврийг эмхэтгэх, орчуулах ажил хоёр жилийн турш үргэлжилсэн агаад Д.Урианхай судлалын академи хамтран ажилласан байна.
Эл сонгомол түүвэрт найрагчийн өмнө бичсэн шилмэл шүлгүүдээс гадна уншигчдад хүрч байгаагүй шинэ шүлгүүд нь багтжээ. Мөн Бээжингийн номын үзэсгэлэнгийн үеэр “Мөнхийн шалтгаан” түүврийн нээлт болж, тус бүтээлийг олон нийтэд танилцуулсан аж. Нээлтийн үйл ажиллагаанд орчуулагч С.Хасун, “Номын соёлт ертөнц” ТББ гүйцэтгэх захирал, Номын баярын санаачлагч, багийн ахлагч Б.Сувд, “Либро сувд” утга зохиолын агентлагийн гадаад харилцааны захирал Б.Эрдэнэбаяр, МУСГЗ, орчуулагч, нийтлэлч Г.Аюурзана тэргүүтэй уран бүтээлчид оролцов.


Ташрамд дурдахад, Монгол-Хятадын утга зохиолын хамтын ажиллагаа төслийн хүрээнд Д.Нацагдоржийн шилмэл бүтээлийн түүврийг Дулааны орчуулгаар Тянжиний “Ардын хэвлэлийн газар”-аас эрхлэн гаргасан бол Инжаннашийн бүрэн зохиолын 7 боть номыг Ляонинь мужийн хэвлэлийн газраас монгол бичгээр гаргасан бөгөөд энэхүү бүтээл нь сод их бичээчийн уран бүтээлийн бүрэн чуулган юм. Тус номыг Монгол Улсад кирилл үсгээр хэвлэн гаргах эрхийг "Дэлхийн монголчууд" сэтгүүл авсан агаад номын нээлтийн үеэр гэрээ үзэглэжээ.