
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтцэд халдахаар анхааруулсаны дараа Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгийн зах зээл огцом унав.
Өмнөд Солонгосын KOSPI индекс даваа гарагт 6.5 хувиар унасан бол Японы Nikkei 225 индекс 3.5 хувиар доошилсон байна. Хонконгт Hang Seng индекс 4 гаруй хувиар, Австралийн ASX 200 хувьцаа 0.75 хувиар буурсан бол Шинэ Зеландын NZX 50 хувьцаа 0.7 хувиар унав.
Европт Лондонгийн FTSE 100 индекс өглөөний арилжаагаар 1.4 хувь, Франкфуртын DAX 40 индекс 2 орчим хувиар буурсан байна.
Уолл Стрийт дээр АНУ-ын хувьцаанууд даваа гаргийн нээлтийн өмнө мөн их хэмжээний алдагдал хүлээжээ.
S&P500 индекстэй холбоотой, зах зээлийн ердийн цагаас гадуур арилжаалагддаг фьючерсүүд 0.8 орчим хувиар буурсан байна.
Дэлхийн эрчим хүчний хангамж цаашид тасалдах вий гэсэн болгоомжлолын улмаас газрын тосны үнэ тогтворгүй хэвээр байна. Олон улсын жишиг болох брент газрын тосны үнэ өнөө өглөөний байдлаар 0.6 хувиар өсөж, нэг баррель нь 112.80 ам.доллар болжээ.
Трамп бямба гарагт хэрэв Техран Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг "устгана" гэж сүрдүүлсэн юм.
Иран хариуд нь Хятад, Энэтхэг, Пакистаны далбаатай цөөн тооны хөлөг онгоц дамжин өнгөрч буй усан замыг бүрэн хааж, бүс нутгийн эрчим хүч, усны дэд бүтцэд хариу цохилт өгөхөө анхааруулсан.