
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас нь чөлөөллөө. Санал хуураалт явуулахын өмнө тэрээр үг хэлэхдээ "Төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн дэмжиж ажиллуулсан УИХ-ын эрхэм гишүүддээ талархаж байна. Богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, үйл ажиллагаанд нь дэвшилтэд технологи ашиглах шилжилт хийх ажилд анхаарч, ахиц дэвшил гаргаж ажиллалаа.
Таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн УИХ-ын дарга төвийг сахисан байр суурийг баримталж олон талын оролцоог хангаж, гишүүдийнхээ эрүүл, ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалч үзлийг уралдуулах бололцоог бүрдүүлж ажиллах үүрэгтэй. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээсэн. Сөрөг хүчний зүгээс тавьсан "Аль нэг нам, эвслийн төлөөлөл УИХ-ыг удирдах нь зохимжгүй" гэсэн шаардлагыг манай нам эрүүлээр хүлээн авч ярилцсан.
Өнгөрсөн хугацаанд дэмжиж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье" гэлээ.