
Энэ онд манай улсад найман тэмцээн зохион байгуулагдана. Он гарсаар боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж олон улсын тэмцээний эхлэлийг тавьсан. Үүний дараа таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, 20 гаруй орны баг тамирчид Улаанбаатарт цугларч тивийн аваргуудаа тодруулсан. Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, тухайн спортын төрлүүдийг хүүхэд, залууст сурталчлан таниулах цаашлаад Монгол Улсад олимпын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах хүртэл бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Тэгвэл эдгээр олон улсын тэмцээний хамгийн их анхаарал татаж буй нь маргааш эхлэх жүдо бөхийн “Их дуулга” юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос Улаанбаатарын тэмцээнийг “Их дуулга” ангилалд багтаасан нь тэмцээний өрсөлдөөнийг нэмэгдүүлж, дэлхийн чансааны оноо олгох хэмжээнд хүргэлээ. Энэ тэмцээний ачаар жил бүр Монгол Улсыг зорих жүдочид олширсон. Мөн энэ хэрээр манай жүдочидтой хамтарсан бэлтгэл хийх орны тоо ч нэмэгдэж, дэлхийн жүдочид Монголын татамид өндөр оноо авах зорилготой болсон юм. Энэ удаагийн “Их дуулга” 2028 онд АНУ-д болох зуны спортын олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлог. Тэгвэл Улаанбаатарын “Их дуулга”-ын зорин ирж буй бөхчүүд анхаарал татлаа. Маргааш эхлэх энэ тэмцээнд Азербайжан, Австри, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ, Гүрж, Испани, Итали зэрэг 59 орны 461 шилдэг жүдоч өрсөлдөнө. Их дуулга ангилалд багтсанаараа энэ тэмцээний чанар, чансаа ахиж, олимп, дэлхийн аваргууд ч олноороо ирдэг болов. Энэ удаа ирсэн жүдочдын дунд Азарбайжаны Хидаят Хейдаров, Гүржийн Лаша Шавдатуашвили, Тайванийн Ян Юүвэй, Испанийн Николоз Шеразадишвили нарын шилдэг тамирчид бий. Мөн Японы алдарт бөх Абэ Үта ирсэн нь бүр анхаарал татлаа.
Азарбайжан улсын багийн бүрэлдэхүүнд 19 бөх оролцохоор нэрээ өгсөн. Тэдний дунд олимп, дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Хидаят Хейдаров багтжээ. 2024 оны Парисын олимпын наадмын 73 кг-ын аварга тэрээр Улаанбаатарын “Их дуулга”-ын онцлох бөхийн нэг болж байна. Олимпын аварга болсны дараа Хидаят Хейдаров 2025 оны Будапештийн ДАШТ-д барилдсан ч эхний тойрогт Португалын жүдоч Отарид ялагдаж байв. Энэ ялагдал түүнийг дахин сэргээсэн. Хидаят Хейдаров энэ жил Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн Гүржид болсон “Их дуулга”-д медалийн тавцанд зогсож хүрэл медалийнхаа тоог нэмсэн. Тэгвэл түүний дараагийн зогсоол нь Улаанбаатарын “Их дуулга” болж байна. Хидаят Хейдаров нэг жилийн дотор дэлхийн аварга болж цаашлаад олимпод түрүүлж алдарт бөхчүүдийн эгнээнд орж ирсэн юм. Тэрээр 2024 оны тавдугаар сард Абу Дабид дэлхийн аварга болж ердөө гурван сарын дараа Парисын олимпын наадамд түрүүлж байв. Ийм нэгэн алдарт бөх Улаанбаатарын татамид барилдах нь. Азарбайжаны багийн бүрэлдэхүүнд дахин нэг олимп, дэлхийн аварга багтжээ. -100 кг-ын жинд Зелым Коцоев барилдахаар болсон. Олимп, дэлхийн аварга Зелым Коцоев 2016 онд Улаанбаатарын тэмцээн Гран при ангилалд багтдаг байх үед түрүүлж байсан. Тэгвэл тэрээр 10 жилийн дараа олимп, дэлхийн аварга болж, дахин ирлээ.

Энэ удаа Азийн орнуудын хамгийн хүчтэй багийн нэг бол БНСУ-ын баг юм. Нийт 23 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгчээ. Тэр дунд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн олон жүдоч байна. Тэднээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Парисын олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Ким Мин Жон юм. +100 кг-д барилддаг түүний хувьд Парисын олимпын наадамд хувийн төрлөөс мөнгө, холимог багаар хүрэл медаль хүртэж, олимпын хос медальтан болсон. Мөн Ким Мин 2024 онд дэлхийн аварга болж жингийнхээ чансаагаар тэргүүлээд амжсан билээ. Парисын олимпын татамид Францын алдарт жүдоч Тедди Ринерд ялагдсан ч олимпын финалд барилдах мөрөөдлөө биелүүлсэн Ким Мин Жон энэ жилийн Улаанбаатарын “Их дуулга”-д барилдах болсон нь анхаарал татаж байна. Түүний хувьд энэ онд бэлтгэл сайтай байгаа. Ким Мин Жон энэ жил 25 настай ч ДАШТ-ээс нэг алт, гурван хүрэл медаль хүртээд байна. Мөн холимог багийн мөнгөн медальтай. Дэлхийн дэвжээнээс иж бүрэн медаль авч цаашлаад олимпын финалд алдарт Теди Ринертэй барилдсан Ким Мин үнэмлэхүй жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг болсон. Тэрээр 2023 онд Улаанбаатарын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Тэгвэл энэ жил түүнийг медалийн өнгөө хувиргаж түрүүлэх эсэхийг харах л үлдлээ.

Япон улсын багийн нэрс хамгийн сүүлд орж ирсэн. Эрэгтэй, эмэгтэй жин тус бүрд нэг жүдоч барилдах болсон ч эмэгтэйчүүдийн 52 кг-д алдарт бөх Абэ Үтагийн нэрийг багтаасан байв. Анхаарлын төвд байсан энэ багт олимпын аварга Абэ Үта багтсан нь жүдо сонирхогчдын эргэлзээг тайлж чадсан юм. Түүнийг ирэх сургаар тэмцээний тасалбар ч эрэлттэй болж “AIC Steppe Arena”-г зорих үзэгчийн тоо нэмэгдэв. Японы шигшээ баг тэмцээний мэдүүлгээ хамгийн сүүлд өгсөн нь учиртай байж. Абэ Үта бол өнөө цагийн эмэгтэй жүдочдын гол төлөөлөл юм. Токиогийн олимпын аварга тэрээр 2028 оны олимпыг зорьж байгаа нь тодорхой болов. 2024 онд Парисын олимпын наадамд түрүүлэх зорилготой очсон ч шөвгийн 16-д ялагдаж дуулиантайгаар дэвжээнээс бууж байсан Абэ Үта Улаанбаатарт ирэх бөхчүүдийг өнгөлж байна. Энэ хэрээр тэмцээний чанар чансаа ч нэмэгдэв. Абэ Үтагийн урамтай барилдааныг харах боломж энэ жил бидэнд тохиолоо.

Олон улсын тэмцээний үргэлжилсэн болсон Олимпын наадмын анхны оноо олгох “Их дуулга” тэмцээн ач холбогдлоо өгч 59 орны жүдочид оролцох хэмжээнд хүрсэн нь тэмцээний чанар, чансааг ахиулж чадлаа. Хоёрхон жилийн өмнө Парисын олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж монгол түмнээ баярлуулж байсан гавьяат тамирчин Б.Баасанхүү ч "Их дуулга"-д зодоглоно.
