
Сенегалын Дакар, Диамниадио, Сали хотод болж буй залуучуудын зуны спортын IV наадам талдаа орлоо. Энэ оны сүүлийн олимпод 204 орны 15-17 насны 2700 орчим тамирчин спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Наадмын хөтөлбөрт байт харваа, таекондо, хөнгөн атлетик, спорт гимнастик, элсний волейбол, усанд сэлэлт зэрэг 25 спортын төрөл багтсан бөгөөд эхний хэсгийн медальтнууд тодорлоо. Манай улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 10 тамирчин өрсөлдөж байна.
Монгол Улсын эхний медалийг Т.Төгсхүслэн авлаа
Наадмын эхний өдөр жүдо бөхийн тэмцээн болж залуучуудын олимпын аваргууд тодорсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг эхлүүллээ. Тэрээр хагас шигшээд Хорватын Йона Зворцод нэмэлт цагт ялагдсан ч олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд яллаа. Т.Төгсхүслэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багштай Нийслэлийн Ерөнхий боловсролын “Мон-Алтиус” Ахлах сургууль, “Цагаанбаатар” академийн тамирчин юм. Тэрээр багаасаа жүдо бөхөөр хичээллэж, Дорнод аймгаас Улаанбаатарт шилжин иржээ. Т.Төгсхүслэн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2025 онд мөнгө, 2026 онд алтан медаль хүртсэн юм. Тэрээр “Дакар-2026” залуучуудын олимпын наадамд Ази тивээ төлөөлөн оролцож, медалийн тавцанд зогсож чадлаа. Энэ амжилтаар Монгол Улсын баг медаль хүртсэн орны тоонд багтаж, өнөөдрийн байдлаар 56-р байрт бусад орны хамтаар бичигдэж байна.
Усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин оролцож байна
"Дакар 2026" залуучуудын олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд Э.Энхмэнд, Б.Оргилмаа нар оролцож байна. Манай тамирчдын тэмцээн эхэлсэн бөгөөд өнөөдөр сүүлийн уралдааныг хийнэ.
Э.Энхмэнд эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий төрлийн финалд шалгарсан. Тэрээр хоёр гарааны дараа нийт тамирчдын дүнгээр долдугаар байрт шалгаран финалд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Э.Энхмэнд 100 метрийн мэлхий төрөлд өрсөлдөж, гараандаа 1:04.24 минутын амжилттай гуравдугаар байр эзэлсэн. Энэ үзүүлэлтээр тэрээр финалын шатанд дахин уралдах боломжгүй болсон юм. Түүнд ердөө 0.12 секунд дутаж, нийт дөрвөн гарааны 29 тамирчны нийлбэр дүнгээр есдүгээр байрт жагслаа.
Б.Оргилмаа эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдлөө. Тэрээр тавдугаар гараанд 29.02 секундын амжилтаар зургаадугаар байр эзэлсэн. Энэ төрөлд нийт 68 тамирчин өрсөлдсөн бөгөөд Б.Оргилмаа 40 дүгээрт байрт жагслаа. Түүний уралдаан дуусаагүй. Тэрээр өнөөдөр 100 метрийн зайд уралдана.
Монголын сагсчид өнөөдөр тоглоно
“Дакар 2026” залуучуудын олимпын наадамд багийн төрлөөр 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг оролцож байгаа. Манай залуус Азийн аварга шалгаруулах тэмцээн болон тивийнхээ сонгон шалгаруулалтаас олимпын эрхээ авсан юм. Багийн бүрэлдэхүүнд Д.Сүхбат, М.Мөнх-Эрдэнэ, Х.Билигт, Н.Дэлгэрмөрөн нар багтсан бөгөөд дасгалжуулагч Г.Ундрахын удирдлага оролцож байна. Манай залуус В хэсэгт Венесуэл, Аргентиний багуудтай багтсан. Энэ хэсгээс 1-2 хожил авч байж цааш хасагдах шатанд шалгарах манай залуус орой хэсгийн тоглолтоо хийнэ. Манай залуус эхлээд Венесуэлийн багтай тоглох бол маргааш өглөө Аргентиний залуустай тоглох хуваарьтай.
“Дакар-2026” наадмын бокс, элсний чөлөөт бөх, дугуйн төрөлд манай тамирчид өрсөлдөнө.
Япон, БНХАУ-ын баг наадмыг тэргүүлж, ОХУ, Египетийн баг удаалж байна
“Дакар-2026” залуучуудын олимпын наадам талдаа орлоо. Өнөөдрийн байдлаар жүдо бөх, бадминтон, сагсан бөмбөг, элсний волейбол, усанд сэлэлт, ширээний теннис зэрэг төрлүүдэд олимпын аваргууд тодроод байна. 6 өдрийн дараах байдлаар Япон улсын баг найман алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт 14 медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол БНХАУ-ын баг долоон алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай удаалж байна. ОХУ, Египетийн баг гурван алт, Шинэ Зеланд, Хорват, Португал, Румын улсын баг хоёр алтан медальтайгаар 5-8-р байрт бичигдэж байна.
Монгол Улсын баг нэг хүрэл медальтайгаар Болгар, Унгар, Израйл, Кыргизстан, Молдав, Сенегал зэрэг улсын хамтаар 56-р байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар 65 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Одоогоор залуучуудын олимпын 53 алт, 51 мөнгө, 61 хүрэл медалийн эзэд тодроод байна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Гэрэл зургийг Д.Нямбилэг