
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) болон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын шинэ мэдээллээр өнгөрсөн онд ойр дотнын хамтрагч эсвэл гэр бүлийн гишүүнийхээ гарт 47 000 орчим эмэгтэй амиа алдсан байна.
Мягмар гарагт нийтэлсэн “2026 оны эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан хөнөөх гэмт хэргийн товч тайлан”-г Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөртэй холбогдуулан танилцуулжээ.
Эмэгтэйчүүд, охидын хувьд гэр орон нь хамгийн аюултай газар байсаар байна.
Өнгөрсөн онд бүртгэгдсэн эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан хөнөөсөн 78 000 хэргийн 60 орчим хувийг ойр дотнын хамтрагч эсвэл гэр бүлийн гишүүн нь үйлджээ. Энэ нь дунджаар цаг тутамд таван эмэгтэй, өдөрт 129 эмэгтэй амиа алдсан гэсэн үг юм.
47 000 гэсэн үзүүлэлт нь 2024 оны 50 000 хохирогчийн тооцооллоос бага байгаа ч энэ өөрчлөлт нь бодит бууралтыг илэрхийлэхгүй, харин мэдээлэл цуглуулах, бүртгэх аргачлал сайжирсантай голлон холбоотой гэж НҮБ-ын мэдэгдэлд тайлбарлажээ.
Эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан хөнөөх гэмт хэрэг дэлхийн бүх бүс нутагт гарсан бөгөөд ийм төрлийн хүчирхийллээс ангид бүс нутаг байхгүй аж.
Ойр дотнын хамтрагч эсвэл гэр бүлийн гишүүнийхээ гарт амиа алдсан эмэгтэйчүүдийн үзүүлэлтээр Африк тив хамгийн өндөр буюу эмэгтэй хүн амын 100 000 тутамд 2.9 хохирогч ногдож байна. Үүний дараа Америк тивд 1.4, Далайн орнуудад 1.1, Азид 0.6, Европт 0.5 хохирогч ногдож байна.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын мэдээлснээр, эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан хөнөөх гэмт хэрэг нь ихэнхдээ гэнэтийн, тусгаар үйлдэл байдаггүй. Харин хүчирхийлэл, заналхийлэл, дарамт удаан хугацаанд үргэлжилсний эцсийн үр дагавар болдог. Харамсалтай нь эмэгтэйчүүд, охидын дийлэнх нь тусламж эрж ханддаггүй эсвэл хамгаалалт авч чаддаггүй учир хүчирхийлэл үйлдэгчид насан туршдаа хуулийн хариуцлагаас мултардаг байна.