
Хиймэл оюун ухаанаар удирдуулсан онлайн худалдаа эрчимжиж байгаа нь Walmart болон Amazon зэрэг жижиглэн худалдааны томоохон компаниудад шинэ сорилт үүсгэж байна. Тодруулбал, эдгээр компаниуд өөрсдийн цахим хуудсаар дамжуулан хиймэл оюуны агентуудаар худалдан авалт хийлгэх боломж олгохын зэрэгцээ өндөр ашигтай зар сурталчилгааны орлого болон уг орлогын үндэс болдог хэрэглэгчийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудалтай тулгарчээ.
Walmart болон Amazon нь дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны компаниудаас гадна жижиглэн худалдааны медиа сурталчилгааны зах зээлд тэргүүлэгч хоёр компани юм. Emarketer судалгааны байгууллагын тооцоолсноор, АНУ-ын жижиглэн худалдааны медиа сурталчилгаанд зарцуулж буй 74.4 тэрбум ам.долларын 88 хувийг эдгээр хоёр компани дангаараа бүрдүүлдэг байна. Гэвч дижитал туслахууд удахгүй энэ бизнесийн загварыг өөрчилж болзошгүй.
Хэрэглэгчдийн өмнөөс бүтээгдэхүүн судалж, худалдан авалт хийх боломжтой хиймэл оюунд суурилсан агентууд, тухайлбал Meta компанийн саяхан танилцуулсан Muse нь жижиглэн худалдааны компаниудын цахим хуудас, аппликейшн дээр бүтээгдэхүүнээ сурталчлуулахын тулд брэндүүдээс төлбөр авдаг өндөр ашигтай бизнесийг хумих эрсдэлтэй. Morgan Stanley-ийн судлаачид өнгөрсөн долоодугаар сард эдгээр агент 2030 он гэхэд АНУ-ын цахим худалдааны нийт зардлын 10-20 хувийг бүрдүүлж болзошгүй гэж тооцоолжээ.
Amazon болон Walmart хиймэл оюунд суурилсан агентын худалдаанд өөр өөр байр суурь баримталж байна. Amazon Muse-ийг платформдоо нэвтрэхийг хориглосон бол Walmart Meta-гийн агент технологитой албан ёсоор хамтран ажиллаж эхэлжээ.
Amazon компанийн гүйцэтгэх захирал Энди Жасси өнгөрсөн долоо хоногт гуравдагч талын агентууд одоогоор компанийн зар сурталчилгааны бизнест бодитой нөлөө үзүүлээгүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч LSEG-ийн мэдээллээр, тус компанийн гуравдугаар улирлын зар сурталчилгааны орлого өмнөх оны мөн үеэс 11 хувиар өссөн нь бараг дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн удаан өсөлт болжээ. Энэ сегмент компанийн нийт цэвэр борлуулалтын орлогын ойролцоогоор 10 хувийг тогтмол бүрдүүлдэг.