
Аргентины шигшээ баг нэмэлт цагт хоёр гоол оруулснаар Швейцарыг 3:1-ээр хожиж, ДАШТ-ий шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарлаа. Тэд ирэх лхагва гарагт Атланта хотноо Английн шигшээ багтай финалд үлдэхийн төлөө тулах юм.
Тоглолтын салхийг Аргентины хагас хамгаалагч Алексис Мак Аллистер нээж, 10 дахь минутад багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч Швейцарын баг амархан бууж өгсөнгүй, тоглолтын хоёрдугаар үеийн 67 дахь минутад Дан Ндойе тоог тэнцүүлж чадлаа.
Швейцарчууд тоглолтын хэмнэлийг гартаа авч, илүү аюултай тоглож байсан ч 72 дахь минутад багийн довтлогч Бреэль Эмболо хоёр дахь шар хуудсаа авч, талбайгаас хөөгдсөн нь тоглолтын хувь заяаг эргүүлэх эргэлтийн цэг болов. Швейцарын баг 10-уулаа үлдсэн ч үндсэн цаг дуустал маш сонор сэрэмжтэй хамгаалсаар тоглолтыг нэмэлт цаг руу шилжүүлсэн юм.
Нэмэлт цагийн хоёрдугаар үе буюу тоглолтын 112 дахь минутад Хулиан Альварес гоолдож, Аргентины хөгжөөн дэмжигчдийг баярлууллаа. Энэ нь түүний ДАШТ-д оруулсан анхны гоол байв.
Тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн сунгасан нэмэлт минутад (120+1') Аргентины баг сөрөг довтолгоо хийн Тьяго Альмадагийн цохилтыг Швейцарын хаалгач Грегор Кобель хаасан ч ойсон бөмбөгийг Лаутаро Мартинес гүйцээн гоолдож, тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.
Аргентины ахлах дасгалжуулагч Лионель Скалони тоглолтын дараа багийн ахлагч Лионель Мессигийн формонд гайхахгүй байгаагаа хэлээд, түүнийг "машин" хэмээн нэрлэжээ. Месси саяхан булчингийн бэртлээс эргэн ирсэн ч тус тэмцээнд аль хэдийнэ 8 гоол оруулаад байгаа бөгөөд ДАШТ-ий түүхэнд нийт 21 гоолтойгоор бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
Аргентины шигшээ баг одоо ирэх лхагва гарагт Норвегийг хожсон Английн хүчтэй багтай ДАШТ-ий финалд үлдэх хамгийн хариуцлагатай тоглолтоо хийнэ.