
АНУ-д түгээмэл хэрэглэгддэг 30 жилийн хугацаатай, ипотекийн зээлийн дундаж хүү энэ долоо хоногт сүүлийн гурван жил орчмын хамгийн өндөр түвшинд хүрлээ. Инфляц нэмэгдэх болгоомжлолын улмаас АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж өсөж байгаа нь ипотекийн зээлийн хүүг цаашид ч нэмэгдүүлж болзошгүй байна.
Ипотекийн зээлийн санхүүжилтийн байгууллага болох Фредди Мак пүрэв гарагт мэдээлснээр, 30 жилийн хугацаатай, тогтмол хүүтэй зээлийн дундаж хүү 7.40 хувьд хүрчээ. Энэ нь 2023 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх долоо хоногийн 7.28 хувиас өссөн дүн юм.
АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй дайн эрчим хүчний үнийг өсгөж, улмаар инфляцыг нэмэгдүүлж байна. Үүний нөлөөгөөр урт хугацаатай АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж нэмэгджээ. Ипотекийн зээлийн хүүтэй уялддаг 10 жилийн хугацаатай Төрийн сангийн суурь бондын өгөөж сүүлийн 24 жилийн дээд түвшинд хүрсэн байна. Хоёрдугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш ипотекийн зээлийн дундаж хүү 1.42 нэгж хувиар өсжээ.
Ипотекийн зээлийн хүү нэмэгдэж, орон сууцны үнэ өндөр хэвээр байгаа нь арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө АНУ-ын орон сууцны зах зээлийг эдийн засагчдын нэрлэдгээр орон сууцны хүртээмжийн хямралын голомт болгож байна. Уг сонгуулиар Конгрессын хяналтыг аль нам авах нь шийдэгдэнэ.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилготой, хоёр намын дэмжлэг авсан хуулийн төсөлд гарын үсэг зурахаас татгалзаж, түүнийг “огт сонирхол татахгүй зүйл” хэмээн тодорхойлсон. Тэрбээр өөрийн шаардлагыг эсэргүүцэж байсан Бүгд найрамдах намын гишүүдийг оролцуулан Конгресст шахалт үзүүлж, эхлээд сонгуулийн журамд өөрчлөлт оруулах маргаантай тусдаа хуулиудыг батлуулахыг зорьжээ.
Орон сууцны хүртээмжийг сайжруулах уг хуулийн төсөлд бусад гол зохицуулалтын зэрэгцээ орон сууцны барилгын төслүүдэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх ажиллагааг чөлөөлөх эсвэл хурдасгах, мөн Уолл-стритийн томоохон хөрөнгө оруулагчдын эзэмшиж болох, аль хэдийн баригдсан нэг айлын орон сууцны тоонд дээд хязгаар тогтоох заалтууд багтсан байв. Уг хууль долдугаар сард Трампын гарын үсэггүйгээр хүчин төгөлдөр болжээ.
Ипотекийн зээлийн хүүгийн өсөлт орон сууцны эрэлтийг бууруулахаас гадна байраа худалдах боломжит худалдагчдыг зах зээлд гарахаас болгоомжилход хүргэж байна. Орон сууц өмчлөгчдийн дийлэнх нь таван хувиас доогуур хүүтэй ипотекийн зээлийн гэрээтэй байдаг. Тэд бага хүүтэй зээлээ өндөр хүүтэй шинэ зээлээр солихоос зайлсхийж байгаа нь орон сууцаа худалдаанд гаргах сонирхлыг бууруулжээ.
Энэ байдал нь ялангуяа анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст зориулсан хямд үнэтэй байрны хомсдолыг нэмэгдүүлж, эрэлт суларсан ч үнийг өндөр түвшинд хадгалахад нөлөөлж байна.