
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шатахуун, эрчим хүчний дэд бүтцийг халдлагаас хамгаалах зорилготой гал зогсоох тохиролцоог зарласны дараа ч Орос улс Украины эрчим хүчний байгууламжуудад халдсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдэв.
Эрчим хүчний дэд бүтцэд харилцан халдлага үйлдсэнээр дэлхийн эрчим хүчний үнэ өсөх дарамт нэмэгдсэний дараа Трамп хоёр улс “эрчим хүчний гал зогсоох” тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн юм.
“Орос, Украины хооронд үргэлжилж буй дайны хүрээнд эрчим хүчний гал зогсоох тохиролцоо нэн даруй хэрэгжиж эхэлнэ. Хоёр тал зөвшөөрсөн” гэж Трамп нийгмийн сүлжээнд бичжээ. “Үүнийг зөрчиж болохгүй! Энэ асуудалд анхаарал хандуулсанд баярлалаа. Ерөнхийлөгч Дональд Ж.Трамп” хэмээн тэрээр мэдэгдэлдээ дурдаж байв.
Зеленський эхэндээ уг тохиролцооны талаар мэдээгүй бөгөөд энэ нь өөрт нь “шинэ мэдээ” болж байгааг дурдсан байна.
“Өнөөдөр Украины тэнгэр Оросын Шахед дроноор дүүрлээ” гэж тэрээр X нийгмийн сүлжээнд бичээд, Киев ийм гал зогсоох тохиролцоог дэмжих боловч Москва ч мөн адил мөрдөх ёстойг онцолжээ.
“Мөн манай нутагт чиглүүлж удирддаг бөмбөгөөр цохилт өгч, эрчим хүчний дэд бүтцэд халдсан. Өнөө орой Харьковын нэг цахилгаан станцад цохилт өглөө” хэмээн бичсэн аж.
Зеленський өмнө нь ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 60 хоногийн хугацаатай, бүрэн хэмжээний гал зогсоох тохиролцоог зөвшөөрвөл сонгууль зохион байгуулна гэж мэдэгдсэн юм.
“Үүнийг даруй зогсоосон нь дээр”
Бямба гарагт Трамп Украины Ерөнхийлөгчийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсан хэмээн шүүмжилжээ. Үүнээс нэг өдрийн өмнө АНУ Украины дайны хүчин чармайлтыг сулруулах зорилгоор өмнө нь Оросын эсрэг тогтоосон шатахууны хориг арга хэмжээг түр хугацаанд цуцалсан юм.
Путины дизель түлшний асуудлаарх тохиролцоог Трамп зарласан нь Москваг улам зоригжуулсан гэж Зеленський мэдэгдэв. Харин Киев дөрвөн жил хагас үргэлжилж буй дайныг эцэслэхийн тулд Вашингтоныг Москваг ноцтой хэлэлцээ хийхэд шахалт үзүүлэхийг уриалсан байна.
“Өнөөдөр Орос улс дизель түлшний экспортод тавьсан хоригийг цуцалсанд талархлаа илэрхийлэхдээ Запорожье хотын орон сууцны барилгууд руу таван чиглүүлж удирддаг бөмбөг хаялаа” гэж Зеленський хэлжээ.
“Өнгөрсөн шөнө болсон үйл явдал дарамтыг сулруулах аливаа алхмыг Орос улс дайнаа үргэлжлүүлж, хотуудыг бөмбөгдсөөр байж болно гэсэн дохио гэж хүлээн авдгийг дахин нотоллоо. Өөр дохио өгөх хэрэгтэй” гэж тэр нэмжээ.
“Украинчууд өөрсдөө шийднэ”
Украины өмнөд хэсэгт орших Запорожье хот Оросын бөмбөгдөлтийн байнгын бай болж ирсэн бөгөөд сүүлийн хэдэн сарын хугацаанд халдлагууд улам эрчимжжээ.
Бямба гарагт тус хотод болсон нэгэн халдлагын улмаас орон сууцны барилгын нэг хэсэг нуранги болж, амь үрэгдсэн хүмүүсийн дунд зургаан настай охин багтсан байна. Аврагчид охиныг нурангиас гаргаж ирсний дараа өвөө Анатолий Чумний нь газарт цагаан уутан дотор хэвтэж байсан ач охиныхоо цогцсын дэргэд зогсон уйлж байжээ.
Трамп Украиныг шинэ удирдагчтай болох тухай санал гаргахад Зеленський “Украины удирдагчийг сонгох эсэх нь украинчуудын өөрсдийнх нь хэрэг” гэж хариулсан байна. Мөн Путин ч Украиныг хэн удирдаж байгааг өөрчлөхийг хүсдэг гэдгийг онцолжээ.
Ням гарагийн эхээр Зеленський Москва Украины эрчим хүчний дэд бүтцэд халдахаа зогсоовол Киев Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх халдлагаа зогсооход бэлэн гэж мэдэгдсэн юм.