
Прокурорын байгууллага 2026 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Нийслэл прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны зургаадугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан дөрвөн хүнд холбогдох хоёр хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс дөрвөн хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцожээ. Улмаар хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.
Хэргээс дурдвал, Г.А нь нийтийн албан тушаалтан буюу Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлжээ. Улмаар хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн байна. Үүнийхээ хариуд бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан аж.
Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. Мөн 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байна.