
АНУ-ын Жон Ф. Кеннедигийн нэрэмжит Урлагийн төвийн удирдах зөвлөл Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг тус барилгад сийлэх эсэх асуудлаар санал хураасан гэж АН-ын төлөөлөгч Жойс Битти мэдэгдэв. Энэ нь Трампын нэрийг барилгаас буулгахыг өмнө нь захирамжилсан холбооны шүүгчтэй дахин маргаан үүсгэх нөхцөл болж магадгүй.
Тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн Биттигийн хэлснээр зөвлөл барилгын нүүрэн хэсэг дээр “Ерөнхийлөгч Дональд Ж. Трамп сэргээн засварлаж, шинэчлэв” гэсэн утгатай бичээс байрлуулах, мөн барилгын талбайг “Ерөнхийлөгч Дональд Ж. Трампын талбай” хэмээн нэрлэх тогтоол баталжээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын туслах Лиз Хьюстон “Ерөнхийлөгч Трампын зоримог удирдлагын дор Кеннедигийн төв дэлхийн хаана ч байхгүй шилдэг соёлын байгууллага болно” гэж мэдэгджээ.
Зөвлөл тус төвийг “оршин тогтноход нь оруулсан Трампын урьд өмнө байгаагүй хувь нэмрийг хуульд нийцсэн бүх арга хэрэгслээр хүлээн зөвшөөрч, хүндэтгэх” хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тогтоол баталсан гэж мэдээлсэн.
Трампын томилсон гишүүд давамгайлдаг тус зөвлөл мөн Кеннедигийн төвийг хоёр жилийн хугацаатай хаах шийдвэр гаргасан гэж Битти мэдэгджээ. Битти Трампын засаг захиргаа болон тус төвийн эсрэг нэрийг өөрчлөх, хаах шийдвэрийг хууль бус гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Трампын засаг захиргаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Кеннедигийн төвийн нүүрэн талд Трампын нэрийг нэмсэн. Гэвч тавдугаар сард холбооны шүүгч Кристофер Купер Трампын нэрийг буулгахыг захирамжилсан байна. Тэрбээр Вашингтон дахь тус төвийн нэрийг Конгрессын хуульгүйгээр өөрчлөх боломжгүй гэж шийдвэрлэжээ.
Шүүгч Куперийн хэлснээр тус төвийг Кеннедигийн нэрээр нэрлэсэн хуулийн зохицуулалт нь маш тодорхой. Зөвлөлийн дангаараа гаргасан шийдвэрээр тус төвд өөр албан ёсны нэр өгөх, өөр хүний нэрээр дурсгал болгох боломжгүй гэнэ.
Гэхдээ шүүгч зөвлөлд Кеннедигийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар, тэр дундаа хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тохиолдолд засварын ажлын улмаас төвийг хаах зэрэг өргөн хүрээний эрх мэдэл бий гэдгийг мөн тайлбарласан байна.
Өнгөрсөн сард холбооны давж заалдах шатны шүүх Трампын нэрийг барилгад хэвээр үлдээх тухай засаг захиргааны хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа учраас хүлээн авахаас татгалзсан. Трампын нэрийг ажилчид зургадугаар сард Кеннедигийн төвийн барилгаас буулгасан байна.
Трампын засаг захиргаа ийнхүү нэрийг нь буулгах нь хандив цуглуулахад сөргөөр нөлөөлж, тус төвийн санхүүгийн байдлыг улам дордуулна гэж маргасан боловч давж заалдах шатны шүүх эдгээр үндэслэлийг тодорхой баримт, нотолгоогоор дэмжигдээгүй гэж үзжээ.