Энэтхэг улсын Ахмедабад хотод өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт зорчигч тээврийн Боинг 787-8 Дриймлайнер онгоц осолдсон. Тус онгоц Их Британийн нийслэл Лондон хотыг чиглэсэн боловч нислэгийн зурвасаас хөөрөөд 30 секундын дараа өндрөө авч чадалгүй суурьшлын бүсэд унасан.

Онгоцон дотор олон улсын 230 зорчигч, нислэгийн багийн 12 хүн гээд нийт 242 хүн байсан. Эдгээр хүмүүсээс нэг хүн л амьд үлдэж байсанд нь нас барсан.

Онгоц унасан газар нь анагаахын сургуулийн оюутнуудын дотуур байр байсан. Үдийн хоолны цаг байсан учраас оюутнууд дотуур байрандаа хоолоо идэж байжээ. Ойролцоогоор 50 орчим оюутан байсан бөгөөд 38 нь амь үрэгдсэн. Улмаар тус ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын тоо нийлээд 279 болжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор мөрдөгчдийн баг ажиллаж байна. Ослын шалтгааныг тогтооход хамгийн чухал гэж үздэг онгоцны нисгэгчдийн бүхээгийн дуу хураагуурыг ослын газраас мөрдөгчид олжээ.

Бүхээгт болсон нисгэгчдийн харилцан яриа зэргийг бичиж авсан дуу хураагуур буюу CVR олдсоноор ослын шалтгааныг тогтоох ажлыг урагшлуулна гэж хүлээж байна.

Харин нислэгийн тухай мэдээллийг бичдэг FDR төхөөрөмжийг өнгөрсөн баасан гарагт олсон. Хар хайрцгийн мэдээллүүдийг унших ажлыг Энэтхэгийн агаарын тээврийн ослыг мөрдөн шалгах товчоо ахлан гүйцэтгэнэ. Тус ажилд АНУ, Их Британи улсууд тусалж байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Америкийн үндэсний тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хамгаалах газар ослын газарт мөрдлөг явуулж, өөрсдийн баримтыг цуглуулсан байна. Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа мөрдөгчдийн баг гурван сарын дотор урьдчилсан дүгнэлтээ танилцуулах ёстой.

Ослын газраас олдсон цогцоснуудыг таниулах ДНХ-ын шинжилгээ үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 270 гаруй цогцосноос 90 орчмыг нь хэн болохыг тогтоож чаджээ.

Air India компанийн сүйрсэн онгоцонд Энэтхэгийн 169, Британийн 53, Португалын долоо, Канадын нэг зорчигч байжээ.