Өмнөд Солонгосын зохиолч, хэвлэлийн газрын ажилтан Пэк Сэхи тархины үхжил өвчний улмаас 35 насандаа өөд болжээ.

Түүний дэлхий даяар 25 улсад орчуулагдсан “Үхмээр байна, гэхдээ бас Догбуги идмээр байна” номыг нь Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаж монгол хэлт уншигчдад хүргэсэн билээ. Зохиолч тус номоороо сэтгэл гутралд орсон өсвөр насны хүүхэд залууст шинэ амьдрал бэлэглэж, харанхуй ангалаас олон хүнийг татан гаргасан юм.

2018 онд худалдаанд гарсан цагаасаа хойш тус ном нь орон орны уншигчидтай сэтгэлзүйн эрүүл мэнд, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хүүхэд нас, харах өнцөг, харилцаа гэх мэт нэн чухал сэдвүүдээр халуун яриа өрнүүлж, сэтгэлийн үгээ дэлгэн хуваалцах дотнын найз, зөвлөн чиглүүлэгч нь болсоор буй билээ. 

Пэк Сэхи өөд болохоосоо өмнө үндэсний эрүүл мэндийн даатгалын Илсан эмнэлэгт зүрх, уушги, элэг болон хоёр бөөрөө хандивлажээ. Ийнхүү тэрээр эрхтэн хандивлах замаар таван хүний амь насыг аварсан байна.

Тэрээр Гёнги аймгийн Гоян хотод төрсөн бөгөөд гурван охинтой айлын хоёр дахь нь байжээ. Багаасаа ном унших дуртай байсан бөгөөд их сургуулийн уран зохиолын ангийг төгсөж, таван жилийн турш хэвлэлийн газарт ажиллаж байв.