
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр "Сүүлийн үед Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд гэсэн худал мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байгаа учраас тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхийлөгчийн Бага тэнгэрийн аман дахь хаус хороолол гэсэн зураг бүхий мэдээлэл бол үндэслэлгүй худлаа мэдээлэл. Тэр бол өөр хувь хүний хөрөнгө. Хэнийх гэдгийг нь зарлаж болохгүй. Хувь хүний нууц, халдашгүй байдлыг зөрчсөн болно.
Төрийн ордны хойно барьж байгаа "Андууд тауэр" Ерөнхийлөгчийнх гэдэг нь бас худлаа. Ерөнхийлөгчтэй холбоогүй. Өнгөрсөн жил бас энэ мэдээлэл гараад хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвийг нь тогтоолгож байсан. Тухайн үед ийм худлаа мэдээлэл тараасан, тараалгасан хүмүүс нь тогтоогдсон. "Херо" энтертайментын захирал Б.Баатар төлбөртэй захиалга өгч худлаа мэдээлэл тараалгасан нь тогтоогдож байсан юм.
Ерөнхийлөгчтэй хамт бэлтгэл хийдэг Нямдаваа гэдэг иргэний тансаг зэрэглэлийн машинуудыг Ерөнхийлөгчийнх, мөнгөө угаадаг арга хэрэгсэл нь мэтээр мэдээлсэн. Өнгөрсөн хавар энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад энэ мэдээг зориуд төлбөртэйгөөр цацсан этгээд нь БНХАУ руу оргон зайлсан гэдгийг тогтоосон. Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтан, "Сэлбэ дэд төв"-ийн ТУЗ-ийн гишүүн байсан Г.Золзаяа Ерөнхийлөгчийн эсрэг худал, төлбөртэй мэдээлэл тараагаад БНХАУ руу оргон зайлсан. Одоо Хятадад орогнож байгаа" гэв.