
Энэтхэгт өнгөрсөн сард тарвас идсэний дараа дөрвөн хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан юм. Тарвас идсэний дараа нас барсан гэр бүлийн дөрвөн гишүүн үнэндээ хархны хороор хордож амиа алдсан гэж шүүх шинжилгээний мөрдөн байцаагчид мэдэгдлээ.
Баруун Энэтхэгийн Махараштра мужийн эрх баригчид уг хэргийг хүн амины хэрэг эсвэл санамсаргүй осол гэж бүртгэх эсэхээ хараахан шийдээгүй байна.
Дөрөвдүгээр сарын 27-ны үүрээр 45 настай Абдулла Докадиа, түүний эхнэр 35 настай Насрийн болон 16 настай Aеша, 13 настай Зайнаб охидынхоо хамт Өмнөд Мумбай хотын Бхенди Базаар дүүрэг дэх гэртээ нас баржээ.
Тухайн орой гэр бүл есөн зочин хүлээн авч бирьяни хоолоор дайлсан байна. Хамаатнууд нь явсны дараа шөнийн 1 цагийн үед дөрвүүлээ тарвас идсэн бөгөөд өглөөний 5 цаг гэхэд бүгд бөөлжих, гэдэс өвдөх, суулгах зэрэг хүнд шинж тэмдэгтэй болсон гэж цагдаа нар мэдээлжээ. Тэднийг ухаан санаа нь бүдгэрсэн байдалтай орон нутгийн эмнэлэгт хүргэсэн ч удалгүй бүгд нас барсан байна.
Энэ эмгэнэлт явдлын тухай мэдээ тарсны дараа олон нийт айдаст автаж, тухайн бүс нутагт тарвасны үнэ огцом унажээ.
Орой идсэн ижил бирьяни хоолноос хэрэглэсэн зочдын хэн нь ч өвдөөгүй байна.
Хоёр долоо хоногийн дараа шүүх шинжилгээнийхэн хохирогчдын идсэн тарвас болон дэлүү, элэг, бөөр, ходоод зэрэг дотор эрхтнүүдээс хархны хорт ашиглагддаг цайрын фосфид хэмээх хорт бодис илэрснийг баталжээ.
Цагдаа нар тухайн орой хэрэглэсэн бусад хоолноос цайрын фосфид илрээгүй гэж мэдэгдсэн байна.
“Жимсний гадна талд бохирдсон шинж тэмдэг байгаагүй. Хор нь дотор нь байсан. Тарилгаар шахаж оруулсан байх магадлал бага” гэж нэрээ нууцалсан шүүх шинжилгээний ажилтан The Times of India-д ярьжээ.
“Гэр бүлийнхэн хорт бодисын ихэнхийг бөөлжиж гаргасан байсан тул үлдсэн өчүүхэн хэмжээг илрүүлэхийн тулд 54 удаагийн шинжилгээ хийх шаардлагатай болсон” гэж тэр нэмж хэлсэн байна.
Мөн албаныхан Докайдагийн гэрээс хорт бодисын ул мөр илрээгүй гэж мэдэгджээ. Цагдаа нар хор жимсэнд хэрхэн орсныг мөрдөн шалгаж байгаа аж. “Тайланг нарийвчлан судална” гэж цагдаагийн дэд комиссар Правин Мундхе мэдэгдээд “Шүүх шинжилгээний эмч нартай зөвлөлдөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээн хэлжээ.
Цагдаа нар эхэндээ уг хэргийг санамсаргүй нас баралт гэж бүртгэн, оройн хоолонд оролцсон хүмүүсийн мэдүүлгийг авсан байна.
Энэ хэргийн дараа бүс нутгийн тарвасны эрэлт бараг 30 хувиар буурсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Худалдаачид зуны хамгийн алдартай жимсний нэг болох тарвасыг килограммыг нь ердөө 5-7 рупиар зарж эхэлсэн бөгөөд энэ нь ердийн үнээс хэд дахин хямд байв. Мумбай дахь тарвасны жижиглэнгийн үнэ ихэвчлэн килограмм нь 30-100 рупийн хооронд байдаг.
Өмнө нь Махараштра мужийн засгийн газар уг үхэл болон тарвасны хооронд шууд холбоо тогтоогдоогүй, шинжлэх ухааны баталгаагүйгээр дүгнэлт хийхгүй гэж мэдэгдэж байжээ.