Нийслэлчүүдийн ажил, амьдралын хамгийн их цагийг “иддэг” зүйл юу вэ гэж асуувал бүгд дуу нэгтэйгээр “түгжрэл” гэж хэлэх биз. Өглөө, оройдоо заавал тулж ирдэг энэ асуудалд нэг хэсэг нь бухимдаж, нөгөө хэсэг нь аль хэдийн дассан гэж хэлэхэд ч буруудахгүй.
Уг нь түгжрээнээс ангижрах гарцыг аль ч засгийн үед дэвшүүлж, хэлэлцэж ирсэн ч унадаг дугуйнаас эхлээд метро хүртэлх “том мөрөөдөл” ажил хэрэг болоогүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс төр олон жил хуучин арга, тэр дундаа түр зуурын шийдлээр галыг унтраах байдлаар асуудлыг зохицуулсаар байна.
Тэгвэл энэ жил ч бас албан тушаалтнууд “тэгш, сондгой” дугаарын хөдөлгөөнөөр зорчуулна гэх түр зуурын хязгаарлалтын шийдвэрийг гаргаж, нийслэлчүүдийн бухимдлыг түр намжаахаар оролдож байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах талаар иргэдээс санал асуулга авч, өнөөдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Гэхдээ нийслэлийн түгжрэлийн асуудлыг зөвхөн автомашины улсын дугаарын хязгаарлалт шийдэж чадахгүй. Хотын дэд бүтэц, замын сүлжээ, нийтийн тээврийн хүртээмж, ажлын цагийн зохицуулалт гээд олон хүчин зүйлээр энэ асуудлыг шийднэ. Харин түр зуурын хязгаарлалт зөвхөн хэсэг хугацаанд л асуудлыг шийднэ.
Нийслэлийн замын хөгжлийн газраас хийлгэсэн “Хотын түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөг” судалгаанд дурдсанаар нийслэлчүүд жилд гурав орчим их наяд төгрөгийг түгжрэл, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавраас алдаж байна хэмээн тэмдэглэсэн байдаг.
Мөн Улаанбаатар хотод жилийн 365 хоногийн дунджаар 163 өдөр нь түгжрэлтэй байдаг гэж тооцвол нэг зорчигч өдөрт дунджаар 2.5 цагийг замын түгжрэлд зарцуулж, жилд нийт 407 цагийг алдаж буй.
Нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд одоогоор зургаан том төсөл хэрэгжиж байгаа.
Үүнд,
· Их багтаамжийн нийтийн тээвэр метро (2024–2030)
· Туулын хурдны зам болон Шинэ тойрог зам (2024–2030)
· Төмөр зам доогуур авто замын "нүхэн гарц" (2022–2025)
· Дүүжин замын тээвэр (2023–2026)
· Тусгай замын автобус BRT (2024–2028)
· Хөнгөн галт тэрэг "Трамвай" (2024–2027)
Үүнээс гадна автозамын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээврээр зорчуулах, төв зам дагуу автобусны буудлуудыг хармаа зогсоолгүй болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж буй. Гэсэн хэдий ч өнөөдөр энэ зохицуулалт бүрэн гүйцэт хэрэгжихгүй байна.
Хэдэн жилийн өмнөөс л нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг зорчуулж бусдад нь өндөр торгууль ноогдуулна гэж ярьж байсан шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй хэвээр. Үүнээс гадна автобусны буудлуудыг хармаа зогсоолгүй болгох ажлыг энэ оны эхээр хийж эхэлсэн ч одоо хүртэл зарим байршилд автобусны буудлууд шороо, хайргатайгаа өвлийг угтахаа хүлээж байна. Ийнхүү сүр дуулиантай ярьсан шийдвэрүүд бодит байдал дээр хэрэгжихдээ хэдэн өдөр, хэдэн долоо хоногийн л настай үргэлжилж байгаа нь түгжрэлийг шийдэхэд хамгийн том түгжээ болсоор буй.
Метроныхоо эхний шугамыг ч тавиагүй байхад нийслэлд дахин нэг “том төсөл” танилцуулагдаж, төсвийн мөнгийг үрэх бэлтгэлээ базаажээ. Ирэх 2025–2028 онд нийслэлийн дэд бүтцийг дэмжих 24 мега төсөл хэрэгжихээр төлөвлөсөн бөгөөд түүний нэг нь Улаанбаатар трамвай.
Трамвай нь Архивын ерөнхий газраас Зунжин худалдааны төв хүртэл нийт 26 км замаар үйлчлэх бөгөөд I шугамд 16, II шугамд 23 буюу нийт 39 зогсоолтой байх аж. Хөнгөн галт тэрэг нэг удаад 230–250 хүн, цагт дунджаар 6,500–7,000 зорчигч тээвэрлэх чадвартай. Дундаж хурд нь 30 км/ц, дээд тал нь 70 км/ц хүрэх боломжтой бөгөөд 100 хувь цахилгаанаар ажиллах аж. Улмаар цахилгааны эх үүсвэрээ Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас авч, шаардлагатай үед 2–3 нэмэлт эх үүсвэрээс хангамж авах талаар төлөвлөөд буй.
Түгжрэлийн эсрэг хэрэгжиж буй 10 мега төслөөс метро хамгийн үр дүнтэй нь бөгөөд замын хөдөлгөөний дундаж хурд 40.4 хувиар нэмэгдэхээр тооцоолсон. Харин трамвай метроны араас хоёрт эрэмбэлэгдэж байгаа аж. Одоогоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэх төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байна.
Гэтэл өнөөдөр метроны эхний шугам ч ашиглалтад ороогүй байхад иймэрхүү “том мөрөөдөл”-ийг ярьж, төлөвлөх нь эрт. Түр зуурын шоу, сүржин амлалт хэр үр дүнд хүрдгийг бид өмнө нь олон харж, мэдэрсэн.
Иймээс түгжрэлийг бууруулахад бодитой нарийн төлөвлөгөө, менежмент, хариуцлага бүхий хэрэгжилт л хамгийн чухал. Үгүй бол шинэ ‘мега төсөл’ бүр өмнөх шигээ цаасан дээр үлдэж, нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралаа бухимдалтай өнгөрүүлсээр байх болно.
.