
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутаг, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тухайлбал,
Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутаг, Завханы өмнөд, Увс, Төв аймгийн баруун, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Дорнодын хойд хэсэг, Хөвсгөл, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилт их байна.
Дунд зэргийн хуурайшилттай: Завханы хойд, Төв аймгийн зүүн, Дорнодын өмнөд, Төв аймгийн зүүн хэсэг, Булган, Хэнтийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.
Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд иргэд, малчдыг ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.