
Ням гарагт Украины зүүн өмнөд хэсгийн Днепропетровск мужид зорчиж явсан автобус руу Оросын дрон цохилт өгсний улмаас багадаа 12 хүн амиа алдаж, найман хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины хамгийн том хувийн эрчим хүчний компани DTEK-ийн мэдээлснээр, Москва тус бүс нутгийн нүүрсний уурхайнуудыг чиглэсэн “өргөн хүрээтэй халдлага” үйлдсэн бөгөөд ээлжээ тараад буцаж явсан уурхайчдыг тээвэрлэж явсан автобус энэ төрлийн халдлагад өртжээ.
“Днепропетровск муж дахь DTEK-ийн уурхайн ажилтнуудыг тээвэрлэж явсан автобус руу Орос цохилт өгсний улмаас 12 уурхайчин амиа алдаж, найман хүн шархадсан” гэж тус компани мэдээлэлдээ дурдсан бөгөөд эхний мэдээлэлд гарсан 15 хүний нас барсан тоог ийнхүү 12 болгон засварласан байна.
Днепропетровск мужийн Павлоград дүүрэгт болсон уг халдлагыг мужийн захирагч Олександр Ганжа баталжээ.
Украины Батлан хамгаалахын сайдын зөвлөх Серхий Бескрестнов хэлэхдээ, Shahed төрлийн дрон автобусны ойролцоо дэлбэрч, улмаар автобус хашаа мөргөн хазайсан байна.
Шархадсан зорчигчид автобуснаас гарч эхлэх үед хоёр дахь дроныг энгийн иргэд рүү шууд чиглүүлсэн гэж тэр хэлжээ.
“Оросын нутаг дэвсгэрээс удирдаж байсан операторууд байг иргэнийх гэдгийг 100 хувь харж, таньсан. Цэргийн бус, энгийн зорилт гэдгийг мэдсээр байж санаатайгаар довтлох шийдвэр гаргасан” хэмээн Бескрестнов онцолсон байна.
Цохилтын улмаас гарсан галыг унтраасан гэж Украины Онцгой байдлын алба мэдээлжээ.
Украины эрчим хүчний сайд Денис Шмыгаль уг халдлагыг “эрчим хүчний салбарын ажилтнуудыг онилсон, илт санаатай, ёс зүйгүй халдлага” хэмээн тодорхойлоод, “дайсан эдгээр гэмт хэрэгт заавал хариуцлага хүлээнэ” гэж Telegram хуудсандаа бичжээ.
Ерөнхийлөгч Володимир Зеленский уг явдлыг “Орос мөргөлдөөнийг хурцатгаж буйг дахин нотолсон, ил тод гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна.
Төрөх эмнэлэг рүү хийсэн өөр нэг цохилт
Энэхүү явдал нь мөн ням гарагт Украины зүүн өмнөд хэсгийн Запорожье хотын төрөх эмнэлэг рүү өгсөн цохилтын дараа болсон юм. Тус халдлагын улмаас 6 хүн шархадсан гэж Украины Ерөнхий сайд Юлия Свириденко мэдээлжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдлага болох үед бүх эмч, ажилтнууд болон өвчтөнүүд хамгаалах байранд байсан бөгөөд үүнд төрөхөөр бэлдэж байсан гурван эмэгтэй ч багтжээ.