
Татварын хөгжил, дэвшил холбоо ТББ-аас "Татварын шинэчлэл: Асуудал ба шийдэл" сэдвээр мэдээлэл өглөө.
Мөн үеэр Татварын хөгжил, дэвшил холбоо ТББ-ын Тэргүүн Б.Ганболд дараах мэдээллийг хийв. Тэрээр "Татварын ерөнхий хуультай холбоотой асуудлыг авч үзэхдээ эхлээд хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээг хийх шаардлагатай. Үр дагаврын үнэлгээ хийх аргачлалыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд уг аргачлалын дагуу үнэлгээ хийж, үр дүнг гаргах ёстой байдаг. Үүний дараа Хууль зүйн сайд болон Сангийн сайд хамтран үзэл баримтлалыг баталсны үндсэн дээр хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн хэлэлцүүлж баталдаг хуультай. Үр дагаврын үнэлгээний асуудлыг хөндөж байгаа шалтгаан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид хамгийн түрүүнд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхээр заасан байдагтай холбоотой.
Тиймээс татварын багц хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг Сангийн яам хийх ёстой гэсэн үг. Мөн шаардлагатай тохиолдолд ашиг сонирхлын зөрчилгүй хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болно. Харин хэрэгжүүлэгч байгууллага болох Татварын ерөнхий газар өөрөө үнэлгээ хийх тохиолдолд үнэлгээний объектив байдал алдагдах, хэрэгжилтийн сул талыг нуух эрсдэл үүсдэг. Үүний улмаас Засгийн газар болон Улсын Их Хуралд буруу мэдээлэл хүрч, бодлогын буруу шийдвэр гаргах аюултай.
Татварын эрх зүйн орчны талаар дурдвал, 2024 оны тайлангаар 240 мянга гаруй аж ахуйн нэгж тайлан ирүүлснээс 162 мянга нь алдагдалтай ажилласан гэж мэдүүлсэн байна. Харин ердөө 70 мянга орчим аж ахуйн нэгж ашигтай ажиллаж, татвар төлөхөөр тайлагнасан. Өөрөөр хэлбэл, гурван аж ахуйн нэгж тутмын хоёр нь татвар төлөх хэмжээнд ашигтай ажиллаж чадахгүй байна гэсэн үг. Энэ үзүүлэлт нь татварын эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг харуулж байна" гэв.
А.Цагааншүхэрт