
Тэтгэврийн зээлийн асуудал жил тойрон үргэлжилж, зээлийн хэмжээ, өр орлогын харьцааг өөрчлөхөөс эхлэлтэй уг асуудал хугацаа уртасгах, хүү бууруулах болон үргэлжилж байна.
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаараа ч тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох;
- Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах;
- Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулах зэргээр шийдвэрлэлээ.
Төрөөс тэтгэврийн зээлийн асуудлаар Төвбанкны хараас бус байдалд удаа дараа халдаж, бодлого шийдвэрт ийнхүү дахин нөлөөлж, улмаар хадгаламж эзэмшигчээс татсан эх үүсвэрийнхээ эрсдэлийг тооцож, олгож байгаа арилжааны банкуудын бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд ч төр хуруу дүрээд амжлаа.
Тэтгэврийн зээлийн хүү, хугацаанд асуудал байгаа бус тэтгэврийн хэмжээ бага байгаад бүх учир бий. Өнөөдөр улсын хэмжээнд дундаж цалин 2.7 сая төгрөг байгаа бол ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 848 мянга төгрөг буюу 3 дахин бага. Амьжиргаанд хүрэлцэхгүй энэ мөнгөөр сарын хэрэгцээгээ хангахын зэрэгцээ инфляц гэх чимээгүй татвар иргэдийн орлогыг улам үнэгүйдүүлсээр. Иймээс ч зээлээс зээлийн хооронд өдөр хоногоо аргацаахаас аргагүй нөхцөлд олон хүн амьдарч байна.
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэлх сараар сунгалаа гээд ахмадуудын амьдрал сайжрахгүй, эсрэгээрээ урт хугацааны өрийн дарамт үргэлжилнэ. Тэтгэврийн зээлдэгчийн орлогыг харвал дундаж зээлдэгч 859 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол хамгийн бага нь 572 мянган төгрөг, хамгийн ихдээ 1.3 сая төгрөгийн тэтгэвэртэй байна. Зээл авснаар энэ орлогынхоо 83 хувийг сар бүр эргэн төлөлтдөө өгч үлдсэн 17 хувиар нь ахмадууд амьдарч байна. Нийт зээлдэгчдийн 70 хувь нь тэтгэврийнхээ 90-ээс дээш хувийг зээлийн эргэн төлөлтдөө өгч байгаа бол 45 мянган ахмад настан 100 хувь өгч, тэтгэврээсээ нэг ч төгрөг авахгүй, ямар ч орлогогүй жил гаран амьдарч байна.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан
Тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг ойлгож байгаа боловч зөвхөн зээлийн хүү, зээлийн хугацааг тойрч яриад, асуудлыг шийдэх ямар ч боломжгүй гэж би хувьдаа харж байна. Учир нь өнөөдөр 500 гаруй мянган тэтгэвэр авагчийн дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй, орлогын түвшин хангалтгүйгээс энэ асуудал яригдаж байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Яагаад өнөөдөр монгол хүн тэтгэвэрт гарахаараа ядуурал руу гулсан орж байгаа вэ гэдэг энэ тогтолцооны суурийг харах ёстой. Тэгэхгүйгээр эмч, багш нарын цалинг нэг удаад нэмж байгаа шийдвэр шиг, тэтгэврийн зээлийн үлдэгдлийн хугацааг сунгах нь гал унтраасан нэг удаагийн шинжтэй л алхам.
Тэтгэвэр тэтгэмж нь нийгмийн хамгааллын нэг хэрэгсэл, халамж боловч тэтгэврийн зээл нь тэтгэмж биш гэдгийг судлаачид онцолж байна. Арилжааны банкны бүтээгдэхүүн үйлчилгээний хугацаа, хүүг төрөөс хүчээр бууруулахыг оролдохоос илүүтэй тэтгэвэр нэмэхэд анхаарах учиртай. 2026 онд тэтгэвэр 80 мянган төгрөгөөр өсөх ч хүүхдийг чихрээр хуурч байгаа мэт энэ нэмэгдлийн оронд ул сууриар нь асуудлыг шийдэх боломж нь “Тэтгэврийн реформ”, нийгмийн даатгалын шинэчлэл. Гэхдээ манай улстөрчид “Тэтгэврийн реформ” ярьсаар 10 гаруй жил, Засгийн газрын тэргүүн нь Нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхээ ард түмэндээ амлаад жил тойрч байгаа ч амласан ажил нь урагшилсангүй, ахиц дэвшил гарсангүй. Засаг солигдсоноор энэ хуулийн шинэчлэл үндсэндээ замхарч, мартагджээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав
Өнгөрсөн жил Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа нийгмийн даатгал, татварын шинэчлэл хийнэ гэж зарласан. Тэгээд өнгөрсөн хаваржингаа маш олон хүмүүсийг цуглуулж, мэдээлэл, санал авч аль алиных нь хуулийн төслийг боловсруулчихсан. Тэгсэн атлаа энэ хуулиудаа өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж, батлуулахгүй байгаа нь биднээр даажигнаж байгаа хэрэг. Яах гэж хавар олон удаагийн хэлэлцүүлэг хийж, хэдэн зуун мянган хүнээс санал авсан юм бэ. Өнөөдөр яригдаж байгаа татварын өр төлбөр нь компаниуд татвараа өгөхгүй зугтаад байгаад биш татвар хурааж байгаа процесст байгаа гажуудлаас үүдэлтэй. Хамгийн энгийн жишээ НӨАТ. Орж ирээгүй мөнгөндөө аж ахуйн нэгжүүд сар бүрийн тайлангаар өрөнд ороод байгаа. Үүнийг 2026 оны төсвийг дагалдуулж засаж, сайжруулахаар хуулийн төслийг оруулж ирэх байсан ч энэ асуудлыг орхиж, төсвөө баталсан. Нийгмийн даатгал дээр ч ялгаагүй. Л.Энх-Амгалан сайдын үед аж ахуйн нэгжүүдээс санал авч, хуулийн төслөө боловсруулсан. Үүнийгээ хурдан хэлэлцэж шийдвэрлээч ээ.
Хэрвээ тэтгэврийн даатгалын шинэчлэлийг нэн даруй хийхгүй бол улсын төсвөөс тэтгэврийн даатгалын санд өгөх татаас санхүүжилт жил болгон ойролцоогоор 400 гаруй тэрбум төгрөгөөр өсөж 2030 он гэхэд энэ санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувь 3.2 хувьд хүрч төсөв энэ ачааллыг даахаа болино гэсэн судалгааны дүгнэлт гарсан.

Гэтэл хуулийн шинэчлэл гацаж, улстөрчид “Тэтгэврийн реформ” биш тэтгэврийн зээлийн асуудалд анхаарлаа хандуулж байна.
Эдийн засагч Г. Батзориг
Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлийг банкны зээл авах гэж төлж байна. Банкнаас зээл авахад сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх шаардлага тавьдаг учраас санхүүгийн үйлчилгээ авахын тулд иргэд хүчээр л нийгмийн даатгал төлж байна. Энэ зорилгоор л энэ систем ажиллаж байгаа гэж хэлэхэд болно. Боломжтой бол хүмүүс хувиараа хуримтлал үүсгээд явах сонирхол өндөр байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын тогтолцоо банкны зээл авах гэж хэрэгжиж байгаа гэдгийг эхэнд нь хэлмээр байна. Эрх баригчид, улстөрчдийн хувьд тэтгэврийн зээл, ипотекийн зээлийг сонгуулийн хэрэгсэл болгоод ашиглаад сурчихлаа. Иймээс ч тэтгэврийн реформ хийх нь байтугай, ахмадуудын тэтгэврийг өл залгах хэмжээнд байлгах сонирхол тэдэнд байна. Сонгуулийн үеэр крантны ус нээж байгаа юм шиг эх үүсвэр, хувь хэмжээг нэмдэг жишиг тогтсон учраас реформ хийх нь улс төрийн эрх ашигт нь нийцэхгүй байна. Тэтгэврийн реформ ярьж, сүүлийн 3 парламентад сонгогдсон УИХ-ын дарга Н.Учрал хүртэл реформ биш зээл яриад явж байна. Ингээд харахаар хийж байгаа ажлууд нь үр нөлөө бага, пиарын шинжтэй, үндсэн асуудлаа орхигдуулсаар байна.
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд Б.Түвшин нарын УИХын гишүүдийн боловсруулсан “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” энэ оны тавдугаар сард УИХ-д өргөн баригдаад хүлээгдэж буй. Харин Засгийн газрын зүгээс “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжлээ” гэж олон нийтэд мэдэгдээд таван сар болж байгаа ч салбарын сайд солигдсонтой зэрэгцэн хуулийн төслийг шинэчилж боловсруулж байгаа гэх тайлбарыг албаныхан өгч байна.
Нэг талд тэтгэвэр авагч, нөгөө талд шимтгэл төлөгчийн аль алины эрх ашгийг хангаж чадахгүй байгаа тогтолцоог өөрчлөх асуудлыг нийтээрээ хүлээсээр, нөхцөл байдал улам хүндэрсээр... Хугацаа өнгөрөхийн хэрээр аж ахуйн нэгжүүдийн шимтгэлийн өр төлбөр хуримтлагдаж, төсвийн орлогын бүрдэлтэд сөргөөр нөлөөлж байна. 2013 онд 24.3 тэрбум төгрөг байсан нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 10 жилийн хугацаад 422.2 тэрбум болж өссөн бол сүүлийн 2 жилд 1.5 дахин өсөж, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага 700 тэрбум төгрөг давжээ.