
Гуравдугаар сарын сүүлээр Иракийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцох эрхээ авахад Абдулла Аднан өөрийн улсын Норвег болон Францын эсрэг хийх тоглолтын тасалбарыг шууд худалдан авчээ. Эдгээр тоглолт энэ сард АНУ-ын Бостон болон Филадельфи хотод болно.
Тэрээр “Тоглолт үзэх, цэнгэлдэх хүрээлэнд суух, олны дунд багийнхаа төлөө уухайлах, шигшээ багаа нүдээрээ харах нь миний хувьд бүх дэлхийтэй тэнцэх үнэ цэнтэй зүйл. Өөр ямар ч мэдрэмж үүнтэй зүйрлэшгүй” гэж хэлжээ.
Ирак ДАШТ-д ердөө хоёр дахь удаагаа шалгарч байгаа бөгөөд анхны тохиолдол нь 1986 онд байв. Гэвч виз авах нь тун хүнд болжээ.
Аднан ганцаараа ийм асуудалтай тулгарч буй хүн биш юм. ДАШТ-д оролцож буй орнуудын хөгжөөн дэмжигчдийн 25 хувь нь аяллын хориг, нэмэлт хязгаарлалт, виз олгохоос татгалзах асуудалтай тулгарч байна.
Гэхдээ Ирак нь Ерөнхийлөгч Трампын аяллын хоригийн жагсаалтад ороогүй учир Аднанд тулгарсан саад өөр зүйл байв.
АНУ-Израил, Ираны дайн эхэлсний дараа АНУ бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаалан Ирак дахь консулын газар ердийн үйлчилгээг түр зогсоожээ. Үүний улмаас Иракт виз мэдүүлэх газар үлдээгүйн улмаас виз авахын тулд заавал биечлэн ярилцлагад орох шаардлагатай болжээ.
Тиймээс Аднан хөрш Иордан руу явж, тэндэх АНУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр болжээ. Гэвч товлосон өдөр нь очиход Элчин сайдын яамны ажилтнууд түүнд “Та Иорданы иргэн биш учраас энэ Элчин сайдын яам танд виз олгох боломжгүй” гэж хэлсэн байна.
Тэрээр тоглолтын тасалбар болон Иордан руу хийсэн аялалдаа нийт 1800 ам.доллар зарцуулжээ. Аднан Туркт виз мэдүүлэх талаар бодсон боловч процесс нь хоёр долоо хоног хүртэл үргэлжилж болзошгүй байсан тул гэрээсээ тийм удаан хугацаагаар хол байх боломжгүй гэж үзэн оролдлогоо бүр мөсөн орхисон байна.
Бусад орны хөгжөөн дэмжигчид ч бухимдалтай байна
BBC World Service-д ярилцлага өгсөн хэд хэдэн орны хөгжөөн дэмжигчид өөр олон саад бэрхшээлийн талаар дурджээ.
Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгч Дональд Трампын тодорхой улс орнуудад визийн хориг болон нэмэлт хязгаарлалт тогтоосон бодлого юм.
Энэ жагсаалтад ДАШТ-д оролцож буй дөрвөн улс болох Гаити, Иран, Сенегал, Зааны ясан эрэг гэсэн улсууд багтаж байна. Ингэснээр эдгээр улсын иргэд хөгжөөн дэмжигчдэд зориулан АНУ-аас санал болгож буй жуулчны визийн төрлийг авах боломжгүй болжээ. Цагаачлалын хатуу бодлого болон бичиг баримтгүй цагаачдыг хязгаарлах нь Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлын гол хэсэг байсан юм.
АНУ-ын эрх баригчдын хэлснээр улсын хилээр нэвтрэх хүмүүсийн асар их урсгалыг зохицуулахын тулд визийн систем хатуу байх шаардлагатай аж.
Үндэсний Дэмжигчдийн Хорооны төлөөлөгч, Зааны ясан эрэг улсын хөгжөөн дэмжигчдийн холбооны гишүүн Жюльен Куадио Адонис “Энэ бол ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр. Гэхдээ нотолгоо нь ил байна. Европын ямар ч улс ийм төрлийн хязгаарлалтад өртөөгүй. Яагаад Африк гэж?” хэмээн бухимдангуй хэлжээ.
АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзсан улсууд Жюльен Куадио Адонисын харьяалагддаг холбоо ихэвчлэн ДАШТ-д хөгжөөн дэмжигчдийн баг илгээдэг ч энэ удаа АНУ-ын журамтай холбоотойгоор оролдох ч хэрэггүй гэж үзжээ. Хөгжөөн дэмжигчдийг хүлээж авахыг хүсдэггүй улс ДАШТ зохион байгуулах ёсгүй гэж үзэж байна.
Тэрээр “Хөлбөмбөг бол үзүүлбэр. Харин үзүүлбэрт үзэгч хэрэгтэй” гэжээ.
Визгүй зорчих боломжийн ялгаа
Нийт 42 улс АНУ-ын визгүй зорчих хөтөлбөрт хамрагддаг бөгөөд эдгээр улсын иргэд зөвхөн ESTA системээр онлайнаар бүртгүүлэхэд хангалттай байдаг. Энэ нь ойролцоогоор 40 ам.долларын үнэтэй. Гэвч Африкийн нэг ч улс энэ жагсаалтад багтдаггүй.
Харин виз шаардлагатай ДАШТ-ийн хөгжөөн дэмжигчдийн хувьд АНУ-ын санал болгодог виз 185 ам.долларын үнэтэй, мөн заавал биечлэн ярилцлагад орно.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр өргөдөл гаргагчид:
Гэсэн ч тавдугаар сард АНУ Алжир, Кабо-Верде, Зааны ясан эрэг, Сенегал, Тунисын иргэд ДАШТ-ийн хүчинтэй тасалбартай бол 15 000 ам.доллар хүртэлх барьцаа мөнгө шаардах журмаа цуцалжээ.
Сенегалын хөгжөөн дэмжигч Алиу Нгом өмнөх хоёр ДАШТ болох Катар болон Орост болсон тэмцээнүүдэд оролцсон байна.
Түүний хувьд тэмцээний хамгийн сайхан зүйл нь “Дэлхийн өнцөг булан бүрийн соёлууд нэгдэн нийлж байгааг харах” ажээ.
Гэвч өнгөрсөн жил Сенегалын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн АНУ дахь бэлтгэлийн хөтөлбөр хэд хэдэн тоглогчид виз олгоогүйгээс цуцлагдсан байна. Үүнээс болж Нгом өөрөө ч хөгжөөн дэмжигчийн хувиар виз мэдүүлэх нь утгагүй гэж үзжээ.
BBC-ийн хийсэн дүн шинжилгээгээр ДАШТ-д шалгарсан 48 улсын 11-ийнх нь АНУ-ын визийн татгалзалтын хувь 40 хувиас давсан байна.
Үүнд, Эквадор, Египет, Гаити, Алжир, Узбекистан, Кабо-Верде, Йордан, Иран, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Гана, Сенегал багтжээ.
Энэ үзүүлэлт нь зөвхөн ДАШТ-ийн хөгжөөн дэмжигчдийг бус бүх төрлийн виз мэдүүлэгчдийг хамарсан тоо аж. Харин бизнесийн B1 болон жуулчны B2 визийн дэлхийн дундаж татгалзалтын хувь 34 хувь байжээ.
Виз олгохоос татгалзсан хариу өндөр хувьтай орнуудын хөгжөөн дэмжигчдийн хувьд виз авах эсэх нь тодорхойгүй байхад тоглолтын үнэтэй тасалбар худалдаж авах эрсдэлтэй нүүр тулаад буй.
“ДАШТ-д орох тасалбарыг FIFA зарж чадна, харин визийг АНУ шийднэ”
Хэрэв хөгжөөн дэмжигчид FIFA-аас тасалбар авсан бол шаардлагатай тохиолдолд FIFA-гийн сайтаар дамжуулан дахин худалдах боломжтой. Мөн FIFA Pass системийг ашигласнаар визийн ярилцлагын хугацааг хурдан товлуулах боломжтой.
Массачусетс мужийн Бостон хотын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг цагаачлалын хуулийн фирмийн захирал Селин Аталла “FIFA Pass нь тасалбартай хүмүүсийг визийн ярилцлагын давуу эрхтэй цагт оруулахыг хичээдэг учраас эерэг алхам.”
Гэвч “Процессыг хурдан болгож болох ч виз батлагдах магадлалыг нэмэгдүүлдэггүй” гэжээ.
Түүний хэлснээр “Визийн систем бол ДАШТ-ийн үл үзэгдэх хаалгач гэнэ. FIFA тасалбар зарж чадна. Гэхдээ хэнд виз өгөхийг АНУ-ын Засгийн газар шийддэг, харин хэн үнэхээр хилээр нэвтрэхийг Гааль, Хилийн хамгаалалтын алба шийддэг. Тэр байтугай визтэй байсан ч АНУ-д ирсний дараа хил дээрээс буцаагдах эрсдэл хэвээр байдаг” гэж хэлэв.
“Энэ ДАШТ биднийх биш”
Иорданы хөгжөөн дэмжигчдийн холбооны тэргүүн Абу Кассын ярьснаар 2025 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Йорданы иргэдийн АНУ-ын визийн хүсэлтийн 57 хувь нь татгалзсан хариу авчээ.
Тэрээр “Сүүлийн гурав дөрвөн сарын турш хүмүүст виз олгохоос татгалзаж байна. Виз авсан нэг ч хөгжөөн дэмжигч мэдэхгүй” гэж хэлсэн байна.
АНУ дахь Йорданы хөгжөөн дэмжигчдийн холбоо BBC-д зөвхөн нэг Иорданы хөгжөөн дэмжигч виз авсан талаар мэддэг гэжээ.
Касс визийн ярилцлагадаа 42 гаруй баримт бичиг авч очсон ч хүсэлт нь татгалзагдсан байна. АНУ виз татгалзах үедээ шалтгаанаа тайлбарладаггүй.
Тэрээр “Энэ ДАШТ биднийх биш. Энэ ДАШТ арабуудад зориулсан биш. Тэдэнд зориулсан. Хэрэв хөгжөөн дэмжигчдийн холбооны тэргүүнд хүртэл виз олгохоос татгалзсан бол өөр хэнийг зөвшөөрөх юм бэ?” гэжээ.
АНУ-ын Төрийн департамент BBC-д өгсөн мэдэгдэлдээ “Түүхэн дэх хамгийн том, хамгийн шилдэг ДАШТ-д дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдыг хүлээн авахад бэлэн байна” гэжээ. Мөн визгүй зорчих эрхтэй 42 улсын иргэд эсвэл аль хэдийн визтэй хүмүүсийн ихэнх нь FIFA Pass ашиглах шаардлагагүй гэж мэдэгдсэн байна.
Тус байгууллага “АНУ-ын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй гэдгийг баталгаажуулахын тулд өргөдөл бүрийг шаардлагатай хугацаанд нарийвчлан шалгадаг” гэжээ.
Энэ удаагийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулж байгаа ч нийт 104 тоглолтын 78 нь, тэр дундаа шигшээ тоглолт АНУ-ын хотуудад болох юм.
Гэсэн хэдий ч олон хөгжөөн дэмжигчдийн хувьд тэмцээний хамгийн том саад нь талбай дээр биш, харин визийн цонхны цаана хэвээр байна.