
Дэлхийн цоохор ирвэсийн тархац нутгийн хоёр дахь том популяци болох манай орны Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнасан 328 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт одоогоор 1000 орчим тоо толгой цоохор ирвэс нутагшиж байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг өнөөдөр хүлээн авч уулзан, Монгол Улс 2025 онд БНЭУ-ын санаачилсан IBCA-д элссэн ач холбогдлыг талууд онцолж, цоохор ирвэс хамгаалах талаар санал солилцжээ.
БОУАӨЯ-ны зүгээс хоёр орны байгаль орчин, уур амьсгалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, СОР17 хурлын үеэр танилцуулах “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-Газрын нэгдсэн менежмент”, “Байгальд түшиглэсэн дэд бүтэц”-ийн гурван гол санаачилгыг БНЭУ дэмжиж, өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг илгээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Элчин сайд Атул Малхари Готсурвэ Шинэ Дэли хотноо энэ оны 6 дугаар сарын 1-2-нд болох Олон улсын том муурын холбооны дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, хурлын үр дүнг COP17 хурлын үеэр танилцуулах саналаа уламжилжээ.