
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын 25 жилийн ой болохоос хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк хот өмнө нь олон нийтэд ил болгоогүй асар их хэмжээний баримт бичгийг нийтэлжээ. Эдгээр баримт нь халдлагын дараа үүссэн агаарын аюултай бохирдлын талаар төрийн байгууллагууд эрсдэлийг багасган харуулах, тэр ч байтугай оршин суугчдад төөрөгдүүлсэн мэдээлэл өгч байсан байж болзошгүйг харуулж байна.
Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани Дэлхийн худалдааны төвийн цогцолбор дахь хоёр өндөр барилга буюу Ихэр цамхаг нурсан үйл явдлын дараах эрүүл мэндийн асуудалтай холбоотой 170 мянган хуудас баримт бичгийг нийтэлснээ мэдэгдэв.
Мамдани энэ үйл ажиллагаа нь Нью-Йоркийн иргэд олон жилийн турш авч чадаагүй “есдүгээр сарын 11-ний үйл явдалд хотын захиргаа хэрхэн хариу арга хэмжээ авсантай холбоотой хариуцлагыг” тогтооход чиглэнэ гэжээ.
Түүний мэдэгдэл нь АНУ-ын эрх баригчид Доод Манхэттэн дэх барилга нурсан бүс рүү ажилчид болон оршин суугчдыг хэтэрхий эрт буцаж орохыг зөвшөөрсөн гэх олон жилийн хардлагыг улам бататгасан байна.
“Хэрэв засгийн газар амьд үлдэгсдийн хажууд зогсож, алхам бүрд нь шаардлагатай бүхнийг нь өгсөн бол өөр хэрэг байх байлаа. Гэвч бодит байдал дээр тийм зүйл болоогүйг бид мэднэ” гэж Мамдани хэлжээ.
Тэрээр хүмүүс итгэж байсан удирдагчид нь хорт агаараар амьсгалах нь аюулгүй гэж худал мэдээлсэн учраас олон хүн өвчилсөн гэж мэдэгдсэн байна.
9/11-ийн дараа юу болсон бэ?
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр барьцаалагдсан хоёр зорчигч тээврийн онгоц Ихэр цамхгийг мөргөж, улмаар барилгууд нурсан юм. Тухайн газарт 2753 хүн амь үрэгджээ.
Барилга нурсны дараа их хэмжээний тоос, үнс Доод Манхэттэн даяар тарж, нуранги дотор олон сарын турш гал ассан. Мянга мянган цагдаа, гал сөнөөгч, барилгын ажилтан зохих хамгаалалтын хэрэгсэлгүйгээр үнс, тоостой орчинд ажиллажээ.
Мөн барилга нурснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа ажилчид болон оршин суугчдыг ойролцоох барилгууд руу буцаж орохыг зөвшөөрсөн, үүнд халдлагын үеэр эвдэрсэн One Liberty Plaza ч багтаж байв.
Хожим “Ground Zero” буюу халдлагын голомтын орчимд ажиллаж, амьдарч байсан олон хүний эрүүл мэнд муудсан байна. Зарим хүнд амьсгалын болон хоол боловсруулах тогтолцооны өвчин богино хугацаанд илэрсэн бол зарим нь олон жилийн дараа илэрдэг хүнд өвчин, тэр дундаа хорт хавдраар өвчилжээ.
Баримтуудад юу багтсан бэ?
Нийтлэгдсэн баримтуудын нэг нь 2001 оны аравдугаар сард тухайн үеийн Нью-Йорк хотын дэд дарга Роберт Хардинг-д илгээсэн санамж бичиг юм.
“Хардингийн санамж бичиг” гэж нэрлэгдсэн уг баримтад 9/11-ийн дараах хорт бодисын нөлөөлөл, агаарын чанар муу байсан асуудал, мөн “гэмтэлтэй” хамгаалалтын хэрэгслийн улмаас хотын захиргааны эсрэг 10 мянга хүртэлх нэхэмжлэл гарч болзошгүй гэж урьдчилан тооцсон байна.
Мөн хотын захиргааны хуулийн хариуцлагыг хэрхэн “хязгаарлах” талаар дурджээ. Үүнд АНУ-ын Конгрессоос хохирогчдод зориулсан сан байгуулахыг хүсэх, холбооны засгийн газраас эрх зүйн хамгаалалт авах зэрэг арга зам багтжээ.
2002 оны хоёрдугаар сард бичигдсэн өөр нэг санамж бичигт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жерри Надлерын шүүмжлэл нь хотын захиргаанд “олон нийтийн харилцааны томоохон асуудал” болон олон тооны шүүхийн нэхэмжлэл авчирч болзошгүйд албаныхан санаа зовж байсныг харуулав.
Тухайн үеийн хотын дарга Руди Жулианигийн тусгай зөвлөх асан Эстер Фукс Надлерийн гаргасан мэдэгдлүүдийг онцолсон байна. Надлер тухайн бүсэд зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр түвшний асбест илэрсэн болохыг харуулсан баримтуудыг засгийн газар нуун дарагдуулсан гэж буруутгаж байсан юм.
Фукс Доод Манхэттэний олон барилгын тоосонд тодорхой хэмжээний асбест байгааг хүлээн зөвшөөрчээ.
Асбест нь Ихэр цамхгийн барилгын ажилд ашиглагдсан бөгөөд уушгинд ноцтой нөлөөлж, зарим төрлийн хорт хавдартай холбоотой нь тогтоогдсон аюултай бодис юм.
Хэчнээн хүн өртсөн бэ?
2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркт бараг 3000 хүн амь үрэгдсэн. Тухайн өдөр нийт дөрвөн онгоцыг барьцаалсны нэг нь Вашингтон дахь Пентагоныг мөргөж, нөгөө нь зорчигчид барьцаалагчдын эсрэг тэмцсэний дараа Пенсильванийн талбайд осолдсон.
Үүнээс хойшхи хэдэн арван жилийн хугацаанд уг үйл явдалтай холбоотой өвчний улмаас ойролцоогоор 4343 хүн нас барсан гэж Дэлхийн худалдааны төвийн Эрүүл мэндийн хөтөлбөр мэдээлжээ.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тооцоогоор 400 000 орчим хүн халдлагын улмаас хорт бохирдуулагч бодис, сэтгэл зүйн хүнд нөхцөл байдал болон бие махбодын гэмтэл учрах эрсдэлтэй нөхцөл байдалд өртсөн байна.
Мамдани баримтуудыг нийтэлсэн явдлыг “хийх ёстой зөв зүйл” гэж тодорхойлсон ч хотын захиргаа мэдээлэл нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шинэ шүүхийн нэхэмжлэлүүд олноор гарах магадлалтай байна.
Тэрээр 9/11-ийн дараа өргөн хэрэглэгддэг “Never forget” (“Хэзээ ч бүү март”) гэсэн хэллэг зүгээр нэг хоосон уриа биш, бодит хариуцлага болон хохирогчдод үзүүлэх бодит дэмжлэгээр илэрхийлэгдэх ёстой гэдгийг онцолжээ.