
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3 589 826 болсон. Үүнээс 201 350 иргэн гадаадад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж буйг өнгөрсөн сард мэдээлсэн. Гадаад дахь монголчуудын тоо өмнөх тооллогоос 64.6 хувиар өссөн нь гадаад руу шилжих хөдөлгөөн хэрхэн нэмэгдсэнийг харуулна.

Монгол Улсын иргэдийн 30.2 хувь нь суралцах, 20.1 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 17.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэх, 14.1 хувь нь суурьших зорилгоор, 8.3 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, 9.7 хувь нь бусад шалтгаанаар гадаадад оршин сууж байна. Энэ бол гадаадад байгаа монголчуудын талаарх хамгийн сүүлийн тоо баримт болоод зорьсон шалтгаан нь. Гэхдээ энд анхаарал татах нэг зүйл байгаа нь анх зорчих болсон зорилго нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж, тухайн улсад оршин суух бодит шалтгаан нь илүү тогтворжих хандлагатай байгаа аж.

Тэгвэл гэр бүлүүд юуны улмаас харийн орныг зорьж байгаа шалтгааныг судалгаанаас харъя. Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаагаа 2025 оны арванхоёрдугаар сард танилцуулсан. Судалгаанд оролцогчдын өгүүлснээр 38.7 хувь нь суралцах болон суурьших, 40.0 хувь нь гэрээгээр болон хувиараа ажиллах, 5.6 хувь нь цагаачлах зорилгоор гадаад улс руу явсан байна. Уг судалгаанд монголчууд хамгийн ихээр оршин сууж буй АНУ, БНСУ, Казахстан, Япон, Чех зэрэг 5 улсын 303 иргэнийг хамруулжээ.
Судалгаанд оролцсон иргэдийн 50.8 хувь нь эх орон руугаа буцах төлөвлөгөөтэй байгаа бол 20.1 хувь нь буцахгүй, 29.0 хувь нь буцах эсэхээ мэдэхгүй хэмээн хариулжээ. Буцах төлөвлөгөөтэй байгаа оролцогчдын хувьд шийдвэрт нь юу нөлөөлсөн талаар тодруулахад 39.6 хувь нь төрсөн нутагтаа суурьших, 26.0 хувь нь зорилгоо биелүүлж чадсан, 12.3 хувь нь визний зөвшөөрлөөс болж буцахаар төлөвлөсөн гэжээ.
“Эх орон руугаа буцахгүй” гэж хариулсан гэр бүлүүдээс шалтгааныг нь тодруулахад амьдрах баталгаагүй, хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож байгаа, амьдралын нөхцөл нь амьдарч буй улсдаа илүү таатай байгаагаас шалтгаалж байна гэжээ. Эх оронд нь юу өөрчлөгдвөл буцах талаар дахин бодох вэ гэдгийг тодруулахад бүх насны оролцогчдын хувьд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ нь сайжирбал хэмээн хариулжээ. Харин 18-49 насны залуучуудын хувьд цалин хөлсийг нь амьдралд хүрэлцэхүйц болгох, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлбэл энэ талаар дахин бодох шийдвэрт нь нөлөөлнө гэсэн байна.
Уг нь бидний төсөөлснөөр цалин хөлсийг амьдралд хүрэлцэхүйц болгох нь Монгол руугаа буцах шалтгаан гэж төсөөлж байвч тэдний хувьд болзол нь өөр аж. Судалгааны “Хилийн чанад дахь гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдал” бүлгийн дүгнэлтэд ч мөн үүнийг өгүүлжээ. Гадаад орон руу явсан анхны зорилгоо биелүүлсэн ч буцах төлөвлөгөөгүй байгаа иргэдэд амьдрах таатай орчин нөлөөлж байгааг онцолсон байна.

Мөн бүлгийн Зөвлөмж хэсэгт ирээдүйн төлөвлөгөө, Монгол руу буцах хандлагыг дэмжихийн тулд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах бодлого нь хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийг эх орондоо буцах урам зоригтой болгох, иргэдийн шилжин суурьшихад чиглэсэн мэдээллийн нэгдсэн платформ, дэмжих багц хөтөлбөр (татвар, бизнес, даатгал, орон сууцны бодлого) хэрэгтэйг дурджээ.
Судалгааны энэ олон тоо, дүгнэлтийн цаана бодит амьдрал ямар байгаа руу өнгийхийг хичээлээ. Тиймээс хилийн чанадад амьдарч байгаад эх орондоо буцаж ирээд дахин явсан, буцахаар төлөвлөж буй гэр бүлүүдийн түүхийг сонслоо.
“Монголд амьдарна гээд явсан хосууд хоёр жилийн дараа буцаад ирчихсэн юм байна. Яагаад буцаад ирэв гэсэн гэр бүлээ аврах гээд хэмээн хариулжээ. Хоёулаа л мэдлэг, боловсролтой гайгүй ажил хийчихдэг хүмүүс байж. Нэг байгууллагад ажил хийнэ, үр хүүхдэдээ гаргах цаггүй болчихно. Байгууллагын ийм баяр, тийм өдөрлөг, зугаалга цуварч болох нь хэцүү. Тэрэнд нь явахгүй бол хүний тооноос хасчих гээд, явахаар бөөн архидалт. Үүнээс үүдэн гэр бүлдээ гаргах цаг хомсдож, элдэв буруу ойлголцол үүсээд салах дээрээ тулсан ч ярилцаад гэр бүлдээ цаг гаргадаг, амгалан амьдармаар байна гэж шийдээд буцсан гэх. Монголд салалт бүр юу ч биш болчихсон гэж шүүмжилж. Бодох л ёстой өнцөг. Гаднын хүчин зүйлээс болоод учиргүй шууд салчихдаггүй байх л даа, гэхдээ их бага хэмжээгээр нөлөөлж л таарна.”
Гэр бүл
1
Монголд
амьдрал алга. Ирсэндээ үнэхээр харамсаж байна. Юмны үнэ тэнгэрт тулсан, эрүүл
хүнс гэж алга. Бензин нь олдохгүй. Түгжрэл нь дийлдэхгүй. Араар тавилт нь
энгийн зүйл мэт болсон. Өвөл утаа нь, зун нь шороо нь дийлдэхгүй. Сургууль
өдөрт 2 цаг 30 минут л хичээллэдэг. Боловсролын яам нь хүртэл дампуурсан. Үр
хүүхдийн минь ирээдүй хэцүүдэж байна.
Гэр бүл
2
Эх орон мэдээж
бүх зүйлийн нэгт. Гэхдээ гэр бүлийн бүтэн байдал, эрүүл мэнд, тав тух, илүү
боломжийн төлөө дахин хүний нутгийг зорьсон. Яг хоёр жил болоод буцсан.
Хүүхэдтэй хүмүүс бол хүүхдээ л түрүүлж боддог юм байна.
Гэр бүл
3
Агаарын
бохирдлоос болоод хүүхэд зогсолтгүй өвдөөд, эмнэлгээр өдөр шөнөгүй явахад ажил
чөлөө өгөхгүй байхад жинхэнэ “новшийн” санагдсан. Тэгээд л гадаад явсан.
Хүүхдэд хүчтэй антибиотик тарихыг бүр яриад ч хэрэггүй, бурхан минь. Ажлын
газрын архидалт, шоу стресс нэмсэн. Галзуурахад ганц хуруу дутуу байлаа.
Гэр бүл
4
Амьдрах гэж
дөрвөн жил үзээд буцсан. Шалтгаан нь нийгмийн стресс. Хар бараан, ууртай
уцаартай, нэгнээ хүндэлдэггүй нийгэмд хүүхдээ өсгөж, байлгамааргүй санагдаад
ямар нэг аргаар “эндээс” явъя л гэж бодсон. Автобусанд суугаад хаана буухаа ч
асууж болохгүй. “Наадахаа хараач” гээд л эхэлдэг. Авахгүй бол бараа сонирхож,
үнийг нь ч асууж болохгүй хүмүүстэй хамт амьдрахад хэцүү байсан. Бид биш би
гэдэг хүмүүс нийгмийг бүрдүүлж байгаа нь л хэцүү байсан.
Гэр бүл
5
Америк,
Солонгос, Хятад оронд байж үзлээ. Монгол шиг амралтаар явж, архидаж байгаа
компани нэг ч үзсэнгүй. Илүү цагаар ажил хийлгэхгүй, яг л ажиллах цагтаа
ажиллаж, бусад цагтаа гэр бүлдээ цаг зав гаргадаг. Хэрэв байгууллагын баяр
байвал гэр бүлээр нь байлгадаг.
Гэр бүл
6
Би ирээд 10
сар болж байна. Монголынхоо амьдралд дасах гэж нэлээд юм болж байна.
Байгууллагын архидалт, зугаа цэнгэлд насны хязгаар байхгүй. Яасан ч олон баяр
байдаг юм. Буцах тухай л бодож байна.
Бүгдийнх нь түүхээс харахад тэд эх орноо санаж байна. Гэвч эх орондоо амьдрахыг хүсэхгүй байна. Олонх нь эх орноо санаж, буцах хүсэлтэй хэвээр. Харин буцаж ирээд хүүхдээ хаана сургах, эрүүл мэндийн ямар үйлчилгээ авах, ажил дээрээ, түгжрэлд хэр удаан суухаа, гэр бүлдээ хэр их цаг гаргахаа, орлого нь амьдралдаа хүрэх эсэхээ дэнсэлж буй.
Төрсөн нутгаа санавч хүүхдийнхээ эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн амар тайван ирээдүйг золиослохыг хүсэхгүй. Учир нь эх орон гэдэг зөвхөн төрсөн газар биш, амьдрахад таатай эх нутаг нь байх хэрэгтэй.
Тиймээс гадаадад байгаа монголчуудыг “яаж авчрах вэ” гэдгээс илүү “яавал Монголд амьдрах хүсэлтэй болгох вэ” гэдэг асуултыг төр бодлогынхоо төвд тавих цаг болжээ. Эх орноо хөгжүүлнэ гэдэг эдийн засгийн хэдэн үзүүлэлтийг өсгөх тухай биш, “Эх орондоо амьдрах сайхан юм” гэж хэлэх тэр орчныг бий болгох л тухай юм.