
ИЗНН хоёр хуваагдаж нэг хэсэг нь онц их хурал хийж УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаараа сонгоод байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид УИХ-ын гишүүн Р.Батболдоос мэдээлэл авлаа.
Тэрээр "Өчигдөр нийт гишүүдийн онц их хурал болсон. Манай нам Дээд шүүхээс дөрвөн удаа дүрмээ буцаалгачихаад байна. Бүртгэж авсангүй. Энэ хариуцлагыг ярих ёстой. Дээд шүүхээс нэг удаагийн л боломж олгосон. Нам дүрмээ бүртгүүлж чадахгүй бол намыг түдгэлзүүлэх, улстөрийн үйл ажиллагаа явуулахгүй байх цаашлаад татан буух хэмжээнд хүрчихээд байна. Ноцтой асуудал үүсчихээд байна гэсэн үг.
Анхан дунд шатны байгууллагуудын шаардлагаар нийт гишүүдийн онц их хурал зарлаж хуралдуулсан. Манай нам дүрэмгүй болчихоод байна. Хуучин дүрмээрээ явна гэвэл Улс төрийн намын тухай хуулийг зөрчинө. Улс төрийн намын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа. Энэ хуулийг бүртгүүлээгүй дүрмээр мөрдөж явна гэвэл хууль зөрчинө.
Онц их хуралд 500 гаруй гишүүн оролцсон. Манай намын гишүүдийн тоо одоохондоо тодорхой биш. Бүртгэл явж байгаа. Бид 70000 гаруй сонгогчийн итгэлийг хүлээж сонгогдсон.
Онц их хурлын шийдвэрийг дээд шүүхрүү явуулна. Дээд шүүх яаж шийдэхийг бид хүлээнэ. 2025 оны тавдугаар сард Б.Батбаатарыг Дээд шүүх намын даргаар бүртгэхээс татгалзсан. Б.Батбаатар тамга тэмдгээ өгөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ шийдвэрийг Дээд шүүх гаргана" гэв.