
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр мэдээлэл өгөхдөө "Шатахуун түгээх станцуудын цэнэглэлтийг шөнийн цагаар хийдэг. Өдөр 14:00 цаг гэхэд шатахуун түгээх станцуудын шатахуун дуусчихаад байна. Тиймээс өдрийн цагаар цэнэглэхээс өөр аргагүй болж байна. Шатахуун зөөж байгаа том оврын машинууд маань түгжрэл дундуур явахад эрсдэлтэй байна. Түгжрээд удаж байж хүрэх газраа хүрч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл, замын цагдаатай яриад өдрөөр явуулсан" гэсэн юм. Харин энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас өдрийн цагаар шатахуун тээвэрлэхийн тулд замын хөдөлгөөний зохицуулалт хийж өгөх тухай хүсэлтийг надад ирүүлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудын шатахуун түгээлтийн асуудалд доголдол үүсээд байгааг аман байдлаар хэлсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт хийж, хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, шатахууны нөхөн хангалт хийх тухай хэлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдвэл чиг үүргийнхээ дагуу би хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэхдээ агентлагийн хүсэлтийг бол шийдвэрлэх боломжгүй. Засгийн газрын гишүүний өгсөн үүргийг л биелүүлэх үүрэгтэй. Харин иргэдийн хувьд дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй байгаа” гэв.