
Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүд гэртээ ойр байрлах эрүүл мэндийн төвдөө эмчлүүлэх боломж бүрдэх аж.
Энэ талаар ЭМДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор" Нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100 мянган төгрөг байх бөгөөд зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Тус багцад эмчийн үзлэг, хяналт, шаардлагатай оношилгоо, эмчийн заалтын дагуу хийх эмийн эмчилгээ, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг тусламж, үйлчилгээ багтана. Зарим иргэдийн дунд томуугаар өвдсөн хүүхдэд 100 мянган төгрөгийн эмийн багц олгоно гэх ташаа ойлголт түгээд байна. Энэ нь эмийн багц бус, харин хүүхдэд шаардлагатай өдрийн эмчилгээний зардлыг санхүүжүүлэх зохицуулалт юм. Хүүхэд бүрийн өвчний шинж тэмдэг, биеийн байдал харилцан адилгүй тул эмчилгээний төрөл, эмийн хэрэглээг эмч үзлэгийн үндсэн дээр шийдвэрлэнэ.
Иймд эцэг эхчүүд хүүхдээ ханиад, томуугаар өвдсөн үед өдрийн эмчилгээнд шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авахгүй. Эмчилгээний зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцах юм" гэлээ.
М.Мичидмарал