
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ираны дээд удирдагч Можтаба Хаменей АНУ-Израилийн цохилтын үеэр шархадсанаас хойш олон нийтийн өмнө харагдаагүй ч амьд, тэр бүү хэл төрийн хэрэгт улам идэвхтэй оролцож эхэлсэн гэж мэдэгдлээ.
“Тэр тодорхой хэмжээнд улам идэвхтэй оролцож байгаа шинж тэмдгүүд харагдаж байна” хэмээн Рубио Сенатын Гадаад харилцааны хорооны өмнө мэдүүлэг өгөхдөө хэлжээ.
56 настай Можтаба Хаменей нь 2-р сарын 28-нд эхэлсэн дайны эхний давалгааны АНУ-Израилийн цохилтын үеэр амь үрэгдсэн эцэг Али Хаменейгийн оронд Ираны дээд удирдагчаар томилогдсон юм.
Рубио Ирантай тохиролцоонд хүрэх боломж бий гэж найдаж байгаагаа илэрхийлсэн боловч хориг арга хэмжээг цуцлуулахын тулд Техран цөмийн хөтөлбөрөө эрс хязгаарлах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. “Бидний өмнө тохиролцоонд хүрэх боломж байна. Энэ нь өнөөдөр ч болж болно, маргааш ч болж болно, эсвэл ирэх долоо хоногт ч болж болно” гэж Рубио хэлсэн байна.
Түүний хэлснээр Техран Персийн булангийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойг дахин нээхийг зөвшөөрөх ёстой аж.
“Тэд маш тодорхой мэдэгдэх ёстой “Хоолой одоо нээлттэй байна, бид төлбөр авахгүй” гэж. Бид тэдний байрлуулсан тэсрэх бөмбөгийг зайлуулахад тусална. Мөн тэд усан онгоцууд руу гал нээхгүй байх ёстой. Тэд уран баяжуулах үйл ажиллагаагаа урт хугацаанд хатуу хязгаарлах, эсвэл бүрмөсөн зогсоох талаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөх ёстой” гэжээ.
“Иран өндөр түвшинд баяжуулсан уран үйлдвэрлэсний улмаас хоригт орсон. Иран цөмийн үйл ажиллагааныхаа улмаас хоригт орсон. Хэрэв тэд эдгээр зүйлсээс татгалзана гэдгээ зөвшөөрвөл хоригийг цуцлах боломжтой” гэж нэмж хэлсэн байна.