Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрсөн долоо хоногт Катар дахь “Хамас” бүлэглэлийн удирдагчид руу агаарын цохилт өгсөн билээ. Уг явдлын дараа тэднийг гадаадад байсан хамаагүй дахин онилох болно гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр Иерусалимд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой хамт явуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ингэж хэлсэн юм.

Харин тэдний явуулсан агаарын цохилтыг АНУ-ын ойрын холбоотон руу чиглэсэн хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп буруутгав. “Хамас” бүлэглэлийн мэдээлснээр, зургаан хүн амиа алдаж, удирдагчид амьд үлджээ.

Олон улсын байр суурь

Ийнхүү Газын дайн үргэлжилсээр байгаа энэ үед Европын болоод Персийн булангийн орнууд Палистений тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Израилийг буруутгаж байна.

Өөрөөр хэлбэл, улс төрийн шахалт, эдийн засаг, спорт, соёлын бойкот зэргээс үүдэн Израилд “Преториа”-г апартеидээс татгалзуулсан цаг үеийнхтэй адил нөхцөл үүсэж байгаа талаар олон улсын шинжээчид мэдэгдлээ.

Нөгөөтээгүүр Ерөнхий сайд Беньямин Нетаньяахугийн удирдсан барууны чиг баримжаатай засгийн газар дипломат аюулыг даван туулж, олон улсын нэр хүнддээ хохирол учруулахгүйгээр Газ болон эзлэгдсэн Баруун эрэгт зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадах уу гэх асуулт гараад байна.

Мөн Катар дахь Израилийн цохилтод “Хамас”-ын удирдагчид өртсөний дараа Персийн булангийн орнууд нийслэл Дохад чуулж, хамтарсан хариу арга хэмжээ авах талаар хэлэлцэж, Израилтай харилцаатай орнуудыг шийдвэрээ өөрчлөхийг уриалж байгаа юм.

Ерөнхий сайдыг буруутгав

Израилийн хуучин ерөнхий сайд Эхуд Барак болон Эхуд Олмерт нар аль хэдийнэ Нетаньяахуг Израилийг олон улсын “үл итгэгч орон” болголоо гэж буруутгажээ.

Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан баривчлах тушаалын улмаас Ерөнхий сайд Нетаньяаху баривчлагдах эрсдэлгүйгээр зорчих боломжтой улс орны тоо эрс цөөрсөн байна.

Нэгдсэн Үндэсний байгууллагад Их Британи, Франц, Австрали, Бельги, Канад зэрэг хэд хэдэн орон Палестиныг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрөхөө ирэх долоо хоногт зарлана гэж мэдэгдлээ.

Харин Ерөнхий сайд Нетаньяаху Газад өлсгөлөнгийн аюул нүүрлэж байхад ч тус хот руу довтлох, бүхэлд нь эзлэх гэсэн ажиллагаа явуулсаар байгаа нь уг хотыг бүрэн сөнөөх магадлалтай хэмээн бусад орнууд үзжээ.

Үүнээс гадна Иерусалимд болсон хэвлэлийн хурлын үеэр Рубио АНУ булангийн орнуудтай холбоо бат бөх хэвээр байгааг онцолж, хоёр орны технологи, соёлын түншлэлийг магтсан бол Нетаньяху Израилд “Америкаас илүү холбоотон байхгүй” хэмээв.