
Энэ жил нөөцийн махны хүрэлцээ муу байснаас шалтгаалан нэг кг үхрийн мах 30 мянган төгрөг давсан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зургаадугаар сарын 24-нөөс эхлэн жижиглэн худалдааг зогсоож, нийслэлийн есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
Өргөтгөсөн худалдааны цэгүүд зургаадугаар сарын 30-ныг хүртэл өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа ч нөөцийн махны хангалт маш муу байгаагаас болж иргэд бүтэн өдөржингөө дугаарлаж зогсох шаардлага үүсээд байгаа. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь килограммыг 13 мянган төгрөгөөр, үхрийн савласан махыг килограммыг 15 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнэтэй аж.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны Жуковын талбай болон 11-р хорооны "Хангай" хотхоны гадна талбайд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Харин маргааш Жуковын талбай болон 9-р хорооны М-100 барилгын дэргэд, мөн 2-р хорооны Хорооны цогцолбор барилгын дэргэд үргэлжлэхээр төлөвлөжээ.
Ийнхүү долоодугаар сарын 1-нээс нийслэлд нөөцийн махны худалдаа бүрэн дуусах юм.