Энэ өдөр Иран гаралтай Швейцарын кино найруулагч, продюсер Барбет Шрөдер төржээ. Тэрээр Жан – Люк Годар, Жак Риветт, Эрих Ромер нартай хамт мөр зэрэгцэн кино урлагт зүтгэж Францын шинэ давалгааны найруулагчдын нэг хэмээгдэх болсон билээ.
Тэрээр Америкийн бохир реалист, бардуудын эцэг хэмээгддэг Чарльз Буковскийн намтраас сэдэвлэсэн “Барфли” киногоороо “Алтан далдуу мод”-д нэр дэвшиж, 1990 онд "Reversal of Fortune" бүтээлээрээ Оскарын шилдэг найруулагч төрөлд нэр дэвшсэн удаатай.
Барбет Шрөдер нэгэн цагт Холливудын хамгийн том төсөвтэй кинонууд дээр ажилладаг байлаа. Ингээд түүний бүтээлүүдээс онцлох таван киног уншигчдадаа хүргэж байна.
BARFLY (1987)
Уг бүтээл нь Америкийн жинхэнэ дүр төрх хэмээн өдгөө үнэлэгдсээр байдаг. Зохиолч Чарльз Буковскийн ямар нэгэн дэглэм, зарчимгүй эрх чөлөөт амьдралаас сэдэвлэжээ. Киноны зохиолыг Буковский өөрөө бичсэн байна. Уг бүтээлд зохиолчийн роман, шүлгүүдийн гол дүр болох Хенри Чинаскигийн дүрийг харуулжээ. Тус киноны гол дүрд Микки Рурк, Фэй Дунауэй нар хамтран тоглосон юм.

"Notes of Dirty Old Man" ном нь хэвлэгдсэний дараахан Америкийн Холбооны Мөрдөх Товчооноос Буковскийн нэр дээр хавтаст хэрэг нээж байсан бөгөөд арван жилийн хугацаанд бичсэн шүлгүүд нь Лос-Анжелесийн ихэвчлэн андерграунд бүхий жижиг хэвлэлүүдэд нийтлэгдэж, хүмүүсийн амнаас ам дамжин алдаршиж эхэлжээ. Түүнийг “Бурангуй америк ард түмний төдийгүй дэлхий нийтийн шударга үнэний өмнө гавьяатай нэгэн” гэж цоллож байсан удаатай.
Энэ бүхнийг зохиолынх нь дүрээр төлөөлөн дэлгэцээс харах боломж гагцхүү “Barfly” юм.
MURDER BY NUMBERS (2002)
Америкийн сэтгэлзүйн триллер төрлийн кино. Уг бүтээлийн гаргасан даруйд Каннын кино наадмаар нээлтээ хийж үзэгчдэд хүргэсэн боловч ямар нэгэн төрөлд нэр дэвшээгүй юм. Тус бүтээлийг Америкийн Мөрдөх товчооны ажилтан Леопольд, Лоеб нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад тохиолдсон ээдрээтэй хэргээс сэдэвлэн бүтээжээ.
Киноны гол дүрд Сандра Буллок, Райан Гослинг, Майкл Питт нарын одууд тоглосон байна.

Ахлах сургуулийн найзууд болох Ричард Хэйвуд, Жастин Пендлтон нар хэдэн сарын турш төгс гэмт хэрэг үйлдэх төлөвлөгөө боловсруулснаар нэгэн эмэгтэйг хулгайлан боомилж хороодог. Энэ нь тэдний төлөвлөгөө бус санамсаргүй аллага байлаа. Гэвч тэд хэргийг далдахын тулд марихуан борлуулдаг Ричард болон, сахиул Фэтерс нартай мөнөөх эмэгтэйг холбоотой байсан гэх нотлох баримтуудыг үйлддэг.
Мөрдөгч Кэсси Мэйведер болон түүний шинэ хамтрагч Сэм Кненнеди нар уг хэргийг мөрдөн шалгах болно.
CÉLINE AND JULIE GO BOATING (1974)
Шрөдерийн анхны уран бүтээлүүдээс хамгийн алдартай нь уг кино билээ. Тэрээр тус бүтээлээ Жак Риветтэй хамтран бичиж найруулснаас гадна продюсераар ажиллажээ. Энэхүү бүтээл нээлтээ хийсэн жилдээ Локарногийн олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг хүртсэн юм. Мөн Нью-Йоркийн кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтад нэр дэвшсэн удаатай.
Киноны гол дүрд Жульет Берто, Доминик Лабурье нар тогложээ.

Тус бүтээлд ид шид тун чухал үүрэгтэй. Тайзны илбэчин Селин бол шөнийн клубт ид шид үзүүлдэг нэгэн. Тэдгээр нь түүний найз болох Жулигийн уншдаг ид шидийн номоос үүдэлтэй мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлнэ. Жули бол харьцангуй энгийн аж төрдөг номын санч эмэгтэй.
Харин үйл явдал өрнөхийн хэрээр Селин, Жули нар ажлаа орхиж хамтран амьдрах бөгөөд хуучин байшинд өрнөх нууцлаг, ид шидийн үйл явдлууд руу татагдан орно. Зарим талаараа тус бүтээл өнөө цагийн алдарт найруулагчдын нэг Тим Буртонд ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид үздэг.
REVERSAL OF FORTUNE (1990)
1985 онд профессор, хуульч Алан Дершовицын бичсэн ижил нэрт номоос сэдэвлэн бүтээжээ. Энэ нь Шрөдерийн найруулсан драм төрлийн кинонуудын нэг юм. Гэвч хүн амины хэрэг, үйл явдлын нууцлаг өрнөлийг тэрээр орхигдуулсангүй. Учир нь Санни фон Бюлоу хэмээх нэгэн нийгмийн ажилтан эмэгтэй гэрээсээ ухаангүй олдож, комд оржээ. Ийнхүү хүн амины хэрэг үйлдэхээр завдсан хэмээх түүний нөхөр Клаус фон Бюлоуг буруутгана. Харин түүний өмгөөлөгчөөр Дершовиц хэмээх зохиолчтой ижил дүрийг кинонд оруулжээ. Тэрээр хэргийн үнэнийг олж нөхрийг нь цагаатгадаг.
-660x0.png)
Уг киноны гол дүрд Жереми Айронс, Гленн Клоус, Рон Силвер нарын тухайн үеийн алдартай жүжигчид тогложээ.
Жереми Айронс уг киноны Клаусын дүрээр 1990 онд Оскарын кино наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн билээ.
KOKO: A TALKING GORILLA (1978)
Барбет Шрөдер баримтад киноны төрөлд мөн хэд хэдэн шилдэг бүтээл найруулсны нэг нь энэ. Тус бүтээлд дохионы хэлийг ашиглан хүмүүстэй ярилцдаг Коко хэмээх сармагчны тухай өгүүлнэ. Уг киног 1978 оны Каннын кино наадмын “Un Certain Reard” хэсгээр нийтэд үзүүлжээ.
Кинонд Коко сармагчныг Сан Францискогийн амьтны хүрээлэнгээс Стэнфордын Их сургуульд авчирч доктор Франсин Паттерсон нэгэн маргаантай туршилтад ашиглах гэж байгаа тухай өгүүлдэг. Ингэснээр амьтдын эрхийн тухай болоод тэднийг хувь хүний нэгэн адил эрх тэгш, өөрийнхөөрөө байх эрхтэй талаарх үзлийг дэвшүүлсэн байна.
Тухайн үед “The New York Times” сэтгүүлийн нэрт нийтлэлч Жанет Маслин “Киноны зураг авалт гайхалтай байсан. Коко бидэнд зан төлөв болоод шинэ мэдлэгийн талаарх сонирхолтой ойлголтыг өглөө. Ноён Шрөдер сэтгэл хөдөлгөм зураглалыг харуулав” хэмээн үнэлжээ.