
Гэрийн тэжээвэр амьтдыг зөвхөн хүний үнэнч нөхөр гэж хардаг байсан цаг ард хоцорчээ.
Өнөөдөр тэд улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг бүрдүүлж, эдийн засгийн шинэ хөдөлгүүр болж байна. Үүнийг дэлхий дахинд “Муурын эдийн засаг” (Nekonomics) хэмээн нэрлэж буй бөгөөд энэ чиглэлээр Япон болон Тайланд улс тэргүүлэх болжээ. Алаг нүд, хөвсгөр сарвуу, зөөлөн алхаагаараа хүний сэтгэлийг эзэмдсэн өхөөрдөм амьтан хэрхэн эдийн засгийн хүчирхэг “тоглогч” болсон тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.
Японд муур нь зүгээр нэг тэжээвэр амьтан бус соёл, аялал жуулчлал, бэлэг дурсгал, кафе, сурталчилгаа, дүр бүтээлт зэрэг олон салбарыг нэгэн зэрэг хөдөлгөж буй эдийн засгийн “зөөлөн хүч” болжээ. Мууртай холбоотой бараа, үйлчилгээ, аялал жуулчлалын зах зээл нь тогтмол орлого, ажлын байр, бизнесийн шинэ боломжуудыг бий болгож, тухайн улсын эдийн засагт жил бүр үлэмж хэмжээний хувь нэмэр төлөврүүлэхэд нөлөөлдөг аж.
Японы эдийн засагчдын тооцоолсноор мууртай холбоотой зах зээлийн хэмжээ жилд 2.5 их наяд иен орчимд хүрдэг. Энэ нь ойролцоогоор 16-17 тэрбум ам.доллар аж. Иймд энэхүү үзэгдлийг Японы эдийн засагчид “Нэкономикс” (Nekonomics) хэмээн нэрлэж, бие даасан ойлголт болгон судалж, олон нийтэд сурталчилдаг байна.
Японд муур зөвхөн эзэндээ эрхэлж суухаас гадна “ажил эрхэлж”, манга, анимэ-д дүр бүтээж, брэнд болон аялал жуулчлалын гол нүүр царай болдогоороо онцлог. Үүний нэг жишээ бол Вакаяма мужийн Киши өртөөний Тама муур юм.

2007 онд дампуурлын ирмэгт тулаад байсан орон нутгийн төмөр замын шугамыг аврахын тулд Тамаг өртөөний “даргаар” томилсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон билээ. Дүрэмт хувцас, бяцхан малгайтай “дарга муур”- ыг харахаар жуулчид олноороо зорин ирж, төмөр замын зорчигчдын тоо эрс нэмэгдсэнээр уг шугам дахин сэргэсэн түүхтэй. Энэхүү “ид шидийн” үр дүнд орон нутгийн эдийн засагт ойролцоогоор 1.1 тэрбум иений хөрөнгө төвлөрсөн гэж үздэг. Улмаар одоо Тама муурыг залгамжилж түүний оронд “Йонтама” нэртэй муур 2026 оны нэгдүгээр сард Киши өртөөний гурав дахь станцын даргаар албан ёсоор томилогдон ажиллаж буй. Уг муур өмнө нь өөр өртөөнд “ажилласан” туршлагатай бөгөөд орон нутгийн төмөр замын бизнесийг татах гол нүүр царай болох аж.
Ийнхүү муурыг өртөөний даргаар томилон ажиллуулах туршлага нь Японы аялал жуулчлалын өвөрмөц өнгө төрх болон төлөвшиж, олон нийтийн анхаарлыг татах сонирхолтой маркетингийн нэг хэлбэр болж чаджээ.
Үүнээс гадна муурын эдийн засгийг дижитал визуал шийдлүүдгүйгээр төсөөлшгүй. Үүний тод жишээ нь Токио хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг болох Шинжүкү өртөөний зүүн гарцын талбайд байрлах аварга том “3D Муур” (Shinjuku 3D Cat) юм. Тэнгэр баганадсан барилгын муруй LED дэлгэц дээр байрлах аварга том муур нь яг л бодит мэт суниаж, нүдээ ирмэн, гудамжаар алхах хүмүүсийг ажиглаж буй мэт харагддагаараа олон мянган жуулчны анхаарлыг татдаг.
Улмаар энэхүү дижитал бүтээл нь Шинжүкүг зорих жуулчдын урсгалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд зогсохгүй, өөрөө дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй сурталчилгааны талбаруудын нэг болж чаджээ. Cross Shinjuku Vision-ийн мэдээлснээр, тус дэлгэц дээр 15 секундийн сурталчилгаа байршуулах үнэ долоо хоногт ойролцоогоор 2.5 сая иенээс эхэлдэг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн эдийн засагт жилд хэдэн зуун сая иений бодит орлого төвлөрүүлэх хөшүүрэг болдог аж.
Ийнхүү муурын дүрслэл Японд бодит амьтнаас хальж, дижитал орчинд хүртэл эдийн засгийн асар их үнэ цэнийг бүтээж чаддагийг Шинжүкүгийн “3D Муур” тод харуулж байна.

Тайландын Засгийн газар муурыг зөвхөн тэжээвэр амьтан биш, улс орны эдийн засгийн стратегийн чухал нөөц гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Nikkei Asia сэтгүүлийн мэдээлснээр, 2025-2026 онуудад Тайландын муурны бараа, үйлчилгээний зах зээл түүхэндээ анх удаа нохойны зах зээлийг гүйцэж түрүүлэн, салбарын гол хөдөлгөгч хүч болжээ.
Тоон үзүүлэлтээс харахад, муурны зах зээлийн жилийн эргэлт 367.8 тэрбум батад хүрсэн нь нохойны зах зээл болох 226.8 тэрбум батыг хол давсан үзүүлэлт болов.
Тэгвэл муурыг эдийн засгийн гол хүч болгож буй “нууц” нь муурны төрөлх зан чанар болон орчин үеийн хүний амьдралын хэв маягийн төгс зохицолтой шууд холбоотой аж. Муур бол төрөлхийн бие даасан, цэвэрч амьтан. Тийм ч учраас тэднийг өдөр бүр салхилуулж, арчлах шаардлага харьцангуй бага байдаг нь өнөөдрийн бидний завгүй амьдралын хэмнэлтэй төгс зохицож буй аж.
Үүнээс гадна муурны өөрийн өвөрмөц зан чанар, “хэржигнэх” чимээ (purring) нь хүний стрессийг бууруулж, зүрх судасны өвчлөлийг 30 хувиар багасгадаг болох нь Cornell University-ийн судалгаагаар батлагдсан. Энэ нь эзэндээ яг л дотнын найз, эсвэл хайртай бяцхан хүүхэдтэйгээ хамт байгаа мэт дулаан, амар амгалан мэдрэмжийг төрүүлдэг байна.
Тэгвэл яг ийм шалтгаанаар орчин үеийн залуус муурыг зүгээр нэг тэжээвэр амьтан бус, “хүүхэд шигээ” нандигнан хайрлах (Pet Humanization) соёлыг хүчтэй дэлгэрүүлэхэд нөлөөлжээ. Тухайлбал, Тайландад гэхэд энэ нөлөөгөөр мууранд зориулсан тусгай рашаан сувилал, гоо сайхны салон, таван одтой зочид буудлын эрэлт үлэмж ихээр нэмэгдэж, эдийн засагт нь цоо шинэ орон зайг бий болгож байгааг хүлээн зөвшөөрөөд буй. Иймээс Тайландын Засгийн газар ч уг нөлөөг соргогоор харж, нутгийн уугуул таван үүлдрийн муурыг “Үндэсний эрдэнэ” хэмээн албан ёсоор тунхаглан, дэлхий даяар эдийн засгийн үнэт хөрөнгө болгон сурталчилж эхлээд байна.
Ийнхүү муур нь зүгээр нэг тэжээвэр амьтан гэх хязгаарлагдмал ойлголтоос хальж, соёл, дижитал орчин, аялал жуулчлал, бизнесийн инновацтай огтлолцсон эдийн засгийн “зөөлөн хүч” болжээ. Тэдний оролцоо жижиг үйлчилгээ, бэлэг дурсгалын салбараас эхлэн олон тэрбум долларын эргэлттэй зах зээл хүртэл тэлж, эдийн засагт ч цаашид тогтвортой нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Учир нь дэлхийн тэжээвэр амьтдын зах зээлийн хэмжээ 2024 онд ойролцоогоор 320 тэрбум ам.долларт хүрсэн бол, 2030 он гэхэд 500-550 тэрбум ам.долларт хүрнэ гэж Bloomberg Intelligence, Grand View Research тооцоолоод буй. Энэ нь муурны эдийн засаг ирэх жилүүдэд ч ажлын байр бий болгож, эдийн засгийг эргэлтэд оруулах чухал хөшүүрэг болохыг баталж буй.