Монгол ялна гээд байсан. Монгол ялсангүй. Популизм ялчихлаа

Гэтэл популизмын хохирогчид буюу ялагдагсад нь популизм ялсанд баярлан (ялагдсандаа баярлан гэлтэй биш) дэвхцэж, уухайлан алга таших нь халаг байх нь хоржоонтой. Популизм хэмээх энэ үзэгдлийн мөн чанар нь ийм юм. Товчхондоо бол олон нийтийн тархийг угаана гэсэн үг. Угаалгасан тархиараа бид ура хашхирна. Угаалгасан тархин дээрээ “угаагчид”-аа зална. Эхний үр дүн нь ингэж гарна. “Угаагчид” маань тархи ч угаана, мөнгө ч угаана. Эцсийн үр дүн энэ.

Популизм бол Монголоор дуусаж байгаа моод төдий биш даяаршсан дэлхий дахинд цар тахал шиг тархаж байгаа нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны үзэгдэл ажээ. АНУ, Туркээс эхлээд Энэтхэг, Унгар хүртэл популизм газар авч байна хэмээн гаднын хэвлэлд бичжээ. Төгс төгөлдөр гэж болох жишээ гэвэл Венесуэл популист удирдагчдаа тэргүүндээ залсаар юу боллоо!.

Популизм мэдээж ханиад шиг илрэх шинж тэмдэгтэй, өөрийн гэсэн үйл явц, арга зүйтэй. Дональд Трамп зэрэг улстөрчид эрх мэдэлд хүрэх, дэмжигчид, олон нийтийн дунд нэр хүндээ хадгалахын тулд энэхүү аргыг ашигласан гэж үздэг юм байна. Жишээлбэл, Трамп 2024 оны сонгуулийн улс төрийн кампанит ажлаа “Манай үндэстнүүдийг устгахыг хүссэн бүх харгис хүчнээс чөлөөлөх баатарлаг тэмцэл” гэж тодорхойлсон. Энэ мэт амлалт, уриа, хурц мэдэгдлийнхээ ачаар тэр санасандаа хүрсэн. Трамп дахин сонгогдоод 100 хонож байгаа ч дэлхийн улс төрийн харилцаанд тектоникийн шинжтэй хөдөлгөөн, чичирхийлэл үүсгэлээ. Дэлхийн газрын зургийг шинээр зурж ч мэдэх нь гэж байна.

Европт бас нэг “хурган” Трамп бий. Тэр бол 2010 оноос хойш засгийн эрх барьж буй Унгарын популист Ерөнхий сайд Виктор Орбан. Унгарын парламентад Орбаны популизмыг эсэргүүцдэг улстөрчдийг судалдаг судлаач хүртэл бий болсон дуулддаг. Тэрхүү өвөрмөц судалгааны үр дүнд “Ардчиллыг популизмаас хамгаалахын тулд эхлээд түүний үндсэн шалтгааныг ойлгох хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргасан аж. Популизмын шалтгаан, шинж тэмдгийг оношилно гэсэн үг. Юутай ч Европын парламент 2022 онд Унгарыг ардчилсан орон гэж үзэх боломжгүй гэсэн мэдэгдэл гаргажээ.

Монгол яг л ийм замаар явж байна. Ази тив дэх “Ардчиллын арал” аажмаар популизмд живж, автократ улс гэсэн шошго зүүхэд тулав. Ардчиллын мөн чанар, тогтвортой байдал буурч байгаа улс орнуудын жишээнд Монгол Улс Өмнөд Африкийн Ботсвана болон Бразилтай хамт бичигдэх болсон байна.

Улстөрчид нь өөрийгөө танилцуулахын тулд популизмыг ашиглан бусдыг дайсан гэж цоллож, нийгмийг хуваагаад өөртөө өндөр оноо авах гэж оролддог.

Энэ нь маш том аюул. Популизмтай улс орны эрх баригчид иргэдийн сэтгэл хөдлөл, айдас төрүүлэх замаар ухаалаг бодлыг нь саармагжуулахыг оролддог. Жишээлбэл, монголчуудын хувьд хятадуудыг, Украин бол оросуудыг дайснаа гэж үздэг. Популистууд хүний сэтгэл хөдлөл дээр тулгуурлаж, тоглолт хийдэг. Хувьсгалын замаар энэ бүхнийг шийдэх нь хамгийн зөв хэмээн ард иргэдийг төөрөгдүүлж эхэлдэг.

ХБНГУ-ын баруун жигүүрийн популистууд зөвхөн нэг сэдэвт төвлөрдөг. Асуудлыг шийдвэрлэх хялбар аргыг санал болгодог. Асуудал байгааг зарласан ч шийдвэрлэх сонирхол байдаггүй. Популизм нь Сталин болон нацист Гитлерийн улс төрийн коммуникацийн стратегитай ижил.

Сошиал медиа нь тэдний амжилт гаргах нөхцөл нь болдог. Мөн хуурамч тайлбар тараах боломжийг олгодог. Популистууд парламентад бүтээлч ажил хийдэггүй. Зөвхөн эрх баригч нам, элитүүдийн эсрэг ард түмнийг турхирахыг хүсдэг.
ХБНГУ-ын Билёфёльдийн их сургуулийн профессор, доктор Стёфан Мёрл “Популизмын тэлэлт ардчилал уу, хямрал уу: ирээдүйгээс харах том харьцуулсан тойм” лекцээс.

Бид популист улстөрчдөө төрийн эрхэнд 20-30 жил залсны гор гарч улс төрийн хямрал нүүрлэдэг. Улстөрчид өнгөрсөн хугацаанд ард түмнээ талцуулан хувааж, ард ба элит, баян ба ядуугийн хооронд яс хаяж, хэрүүлийн алим чулуудсаар, өөрсдөө дундаас нь ашиг хонжоо хүртсээр ирсэн нь нэн гашуун.

Дотооддоо элит, баячуудыг муу муухай шингэсэн ардын дайсан болгохоос гадна гадаадад бас дайсан хэрэгтэй болно. Ингээд хөрш улс орнуудаа онилно, эсвэл даяаршлын аюул заналыг нэрлэнэ.

Хүн нь олдвол тохох хэрэг олдоно гэгчээр хилийн чанадаас Монголыг хорлох гээд байгаа дайсан этгээд олдож таарна. Түүний аймшигтай хор хөнөөлийг сануулж, олон нийтийг айдас, түгшүүрээр удирдаж эхэлнэ. Энэ бол популизмын хамгийн гол шинж. Талцуулан хувааж, айдас хүйдэст автуулсныхаа дараа популистууд өөрсдөдөө ард түмний талд бат зогсдог, эх оронч, шударга сайн хүн гэдэг дүр хуваарилна.

Ард түмний хүү, ард түмний Ерөнхийлөгч, ард түмний түшээ, ард түмний намууд ар араасаа төрөн гарсан нь ийм учиртай. Улс төрийн намууд үзэл баримтлалын ялгарал, зарчмын байр суурь байхгүй болж, сонгуулиас сонгуулийн хооронд мөрийн хөтөлбөрийн амлалтаараа өрсөлдсөөр улс орноо хямрал руу түлхэж байна. Боломжгүй зүйл амлаад дараа нь дахин сонгогдохын тулд өмнөх амлалтаа давсан, илүү боломжгүй зүйлс амлах нь популистуудын ганц чаддаг ажил хойно. Зимбабвегийн дарангуйлагч Ерөнхийлөгч Р.Мугабе сонгуулиас сонгуулийн хооронд популист амлалт өгч, ард иргэддээ үнэгүй орон сууц, газар өгнө гэж хууль гаргангуутаа “Баячуудаас ав, өгөхгүй бол хүчээр ав” гэж турхиран нийгмээ хүчээр талцуулан хуваасан ойрын түүх бий. Монгол ч гэсэн иймэрхүү нийгмийн сэтгэлгээний хөрс суурь бүрдүүлчихсэн.

Хөрөнгө хураах хуулийн төсөл өргөн баригдах гэж байгаа. Хувь улстөрчид гэлтгүй Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл гээд төрийн болон засаг захиргааны аппарат бүгд шат шатандаа популизмын институциуд болж хувирсны илрэл энэ юм.

Популистуудын баримталдаг алтан зарчим бий. “Хамгийн их хэрэгтэй ч байхгүй зүйлийг нь амла” гэж.

Өнгөрсөн хугацаанд монголчууд бишгүй л олон сонгууль үзэж өнгөрүүллээ. Энэ бүх хугацаанд мөнгө, шударга ёс амласан улс төрийн хүчин л ялалт байгуулж байсан нь үнэн юм. Өөрөөр хэлбэл, монголчуудад мөнгө, Монгол Улсад шударга ёс байхгүй ажгуу.
Нийтлэлч Х.Батсайхан. “Популизмын попури” нийтлэл. “Үндэстний тойм” сэтгүүл.

Дэлхийн улс орнуудад популизм хүчээ авч, популист улстөрчид төрийн эрхэнд гараад байгаагийн шалтгаан, нөхцөлийг судлаачид баялгийн тэгш бус хуваарилалт хэтэрсэн, ардчиллын нөөц бололцоо шавхагдсан гэдэг хоёр зүйлээр тайлбарлажээ. Монголд өнөөдөр өрнөж байгаа стратегийн ордын 34 хувийг Баялгийн санд төвлөрүүлэх үйл явц, “Байгалийн баялгийг 34-50 хувийг иргэн бүрд” уриатай УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Хөх Монголын хөх туг” аян зэрэг бол эхний тодорхойлолтод нь багтах жишээ мөн.

“Үндэстнүүд яагаад бүтэлгүйтдэг вэ” номын зохиогч Дарон Ажемоглу, Жеймс А.Робинсон нар популизм бол улс төрийн тодорхой нөхцөл байдал давамгайлсан үед л амжилтад хүрдэг сонгуулийн бэлэн стратеги гэсэн байдаг. Тэд “Эрх мэдэлтэй хүмүүс ядуурлыг бий болгох сонголт хийдэг учраас ядуу орнууд хөгжиж чадахгүй байна” хэмээн онцолсныг мөн дурдалтай. Эцэст нь хэлэхэд популизмыг нийгэм, улс төрийн хам шинжтэй архаг өвчин гэж үзвэл түүнд эрт илрүүлэг, оношилгоо хийх нь тун адармаатай аж. Хохирогчид нь өөрөөр хэлбэл олон нийт өөрсдөө популистуудын дэмжигчид, хамгаалагчид болчихдог нь хамгийн гачлантай. Гэхдээ хожуу ч гэсэн илрүүлж, оношлох нь чухал. Тэгж байж эм тан, ерөндөг нь бий болно. Үүнд нэмэр болуужин гэж дараах шинжүүдийг нэрлэе.

- Популист удирдагчид эрх мэдлийг ард түмэнд буцааж өгнө гэж амладаг. Гэсэн хэдий ч тэд амлаж байснаасаа тэс өөр зүйлийг ихэвчлэн хийдэг.
- Тэд баян, хоосны ялгааг арилгахгүйгээр жендэр, угсаатны тэгш бус байдал зэрэг асуудлыг улам даамжруулах сонирхолтой байдаг.
- Популистууд асуудлыг дэвэргэдэг хэр нь шийдлийг орхигдуулдаг.
- Популизм нь нийгмийг туйлшруулж, мэргэжилтнүүдэд итгэх итгэлийг бууруулдаг.
- Радикал жигүүрт популистууд ардчиллыг сольж эсвэл дарангуйлал тогтоохыг хичээдэг.