
Асан бадамлаж, аюулхайн чинадад үгс, үйл хэргээрээ гэрэл сийлж явсан нэгэн зул бөхөв. Алтайн мөнгөн тэргүүн үүлс дундаа чимээгүйхэн дүнхийсээр үлдлээ.
Он цагийн салхин хүрэл биеийг нь зүлгэвч оршихын утга нь мянга мянганыг эвхсэн уулсынхаа адил мөр урт нэгэн эрхэм дүрсийг хурааж номын хуудаснаа хувиллаа. Эл эрхэм бол Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч, доктор, түүхч Дагвын Цахилгаан. Үйл хэргийг нь цагийн хүрд үл сааран эргүүлсээр байхын учир ертөнцийг тольдож амьдарсан энэ хүний үгс гэтэлсэн мэргэн ухаанд арвантаа жижигдэх нэгэн дурсамжийг сийрүүлэхээр зориглолоо.
Монголчууд аман зохиолын эртний уламжлалтай, тууль хайлдаг ард түмэн. Алтайн уулсын магтаалгүйгээр аялгуулан эхэлдэг туульч манайд ховор. Тэр л туулийн оронд бага насаа өнгөрүүлж, ээжийнхээ өгүүлдэг үлгэр домгийг чихрээс илүүтэй хүлхэж өссөн хүү хожмоо хөдөөгийн уул талаар соёлыг тарих сэхээтэн хэмээн нэрлэгдэж, хүнийн ертөнцийн оюуны охь, дэлхийн сонгодог уран зохиолын ноён оргил болох Хомэрийн “Илиада”, “Одиссэй” болон Дантэгийн “Тэнгэрлэг туульс”-аас эхлэн Достоевскийн “Мөрийч”, “Газар доороос бичсэн тэмдэглэл” зэрэг олон арван ланжгар бүтээлийг монгол хэлнээ уран яруу дуун хөрвүүлжээ. Хомэрийн “Илиада”, “Одиссэй” хөлгөн туульс барагцаалвал 2600 жилийн тэртээгээс өртөөлсөөр Монголд бүрэн эхээрээ орчуулагдсан нь тэр. Арван жилийн сурагч ахуй насандаа уран зохиолын номоос нэрийг нь дуулж, хүүрнэл хэлбэрийн хэсэгчилсэн хөрвүүлгээр л уншиж байв. Полифемийн агуйд хоригдож, Лянхуа идэштний орноос зугтаж, усны мангас Харибдагаас аюулгүй мултарч, Одиссэй баатрын хамт олон зуун хоногийг хамт туулан аялдаг сан. Харин “Илиада” туулийн зарим үйл явдлыг кинон дээрээс л илүүтэй үзэж, баатруудын нэрийг сонсож байсан санагдана. Гэвч ихэнх алдартай кино эх зохиолоосоо давж гардаггүйн жишээг ч мөн давтсан юм. Мөнхүү арван дөрвөн настай байхдаа “Одиссэйн домог” гэх номыг ээж минь надад хийж өгч билээ. Хүүхдийн сонины хайлчилбар, ном дээрх товчилсон оруулга, өөрийн сонсож, уншиж мэдсэнээ түүвэрлэн цуглуулж найруулаад бяцхан ном болгочихсон байв. Харин тэрхүү Хомэрийн алдарт туульсийг эх монгол хэлний эрмэг сайхан үг хэллэг, утга найруулгад зохируулан буулгаж, уншигчдын гар дээр хүргэсэн орчин цагийн монгол хэлний их туульч арвин их өвөө үлдээгээд буцлаа.
Аливаа зохиол бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлэхдээ уншигчдын оюун санаа, сэтгэлгээний онцлогт зориулна гэдэг нь өөрөө дахин зохиол туурвиснаас огт ялгаагүй санагддаг. Тийнхүү цахим хуудас руу шагайж орчуулагч Д.Цахилгаан агсан гуайн хэд хэдэн яриаг ахин сонслоо. Түүн дотроос “Хомэр хоёр мянганы тэртээгээс хоёр номоо барьчихаад л над руу яваад байж” хэмээн хошигносон аястай өгүүлсэн нь санаанд торов. Үнэхээр л 2600 жилийн өмнө зохиогдсон гэх эл тууль монгол хэлээр нэлээд хожуу орчуулагдсан талаар хөндөж байгаа нь тэр л дээ. Гэвч шүлэглэсэн бүтээлийг гадаад хэлээс хөрвүүлэхэд дахин зохиомжлох шаардлага тулгардаг. Өөрийн хэлээр дахин бүтээнэ гэсэн үг. Харин хүүрнэл зохиолын хувьд үг үсэг, өгүүлбэрийн утга санааг эвдэхгүй байх нь чухал. Тиймээс аливаа ном зохиолыг орчуулах, бүтээл урлахуйн үйл явц нь цаг хугацаанаас ямагт ангид оршино. Нөгөөтэйгүүр тэндээ гацчихсан цаг хугацааг нээж, эл хоёр туулийг олсон байж болно. Тиймдээ орчуулагч нь Хомэрийн уран бүтээлтэй холбогдох түүхэн зохиолуудыг уншиж, бүтээлүүдээ эхнээс нь олон дахин нүдээрээ мэтгэж, мутраараа цаасан дээр үгсийг бийрлэсээр цаг хугацаатай хамт гацсан их түүхийг бидэнд шинээр, бүрэн эхээр нь нээж өгөв.
Хомэрийн туулиуд “хекзаметр” буюу урт үе бүхий шүлэгчилсэн хэлбэрээр бичигдсэн. Манайд ийм төрлийн туульс, найраглалын эртний уламжлалт зохиолууд олон. Тиймдээ ч монгол хэлнээ хөрвүүлэхдээ бүлэг тус бүрийн “дуулал” хэмээх үгийг “хайлаан” болгож буулгасан нь туйлын оновчтой сонголт юм. Учир нь монголчууд их хөлгөн туульс уянгалуулан дуулахыг “тууль хайлах” гэж нэрийддэг. Мөн “Илиада” туулийн хоёр дахь хайлаанд Агамемнон хаанд Зевс ялалтын тухай хуурамч зүүд илгээж, Ахейн эрс дайтахаар зэхэж буй зураглал гардаг хэсэг бий.
“Холын тэртээ, Бага Азийн ногоон нугад
Хуйрнан
шуугиж, газар доргион буудгийн адил
Үй түмэн, морьтой явган их цэрэг Скамандр
мөрний хөндийд
Нүүгэлтэн орж ирэхэд хөрст газар хөдөлж байлаа" ...
Хөл доор хөглөрөх
цэцэг ногооноос хүн нь олон байлаа.
Хавар саалийн цагаар малчны хот руу тоо
томшгүй
Хар ялаа шавалдан ирдгээс ч хавьгүй олон цэрэг
Харийн хотыг хаман
эзлэхээр багширалдан нүргэлж
Ханагар хөндийд багтаж ядан түрхэрч байлаа” ...
Д.Пүрэвдоржийн дайны тухай хэдэн сайхан найраглалд гарах дүрслэл шиг л уншигдана. Үнэхээр л “Монгол сэтгэлгээнд зориулж буулгана” гэдэг энэ шүү дээ гэж санана. Олон эрс “хөндийд багтаж ядан түрхэрч байлаа” гэхээр монгол ардын баатарлаг туульд гардаг дүрслэлүүд л санаанд буугаад байгаа юм. Гэвч энэ Ахиллын уур хилэнг ариун дархи магтан дуулж эхэлдэг Грекийн сонгодог бүтээл. Гол нь монгол хэлнээ ийм л яруу тансаг буулгажээ. Бид гадаад хэл сурч, эрдэм боловсролыг дээдлэх болсон нь хамгийн зөв ахлам. Харин ямар ч орны сонгодог бүтээлийг ямагт эх хэлнийхээ ид хав гүйцсэн баялаг орчуулгаар унших л сайхан.
Д.Цахилгаан агсан 1994-2001 оны хооронд БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Гэхдээ тэрээр “Элчин сайд асан” гэж хэлүүлэх дургүй хүн байсан. Учир нь “Би зарлигаар томилогдсон хүн учраас Элчин сайдын ажлыг насан туршдаа л хийх болно. Зөвхөн тухайн улсад сууснаар алба хашдаггүй юм. Би бүтээж, туурвиж, ард түмнийхээ төлөө, тусгаар Монголын төлөө ажиллаж байгаа цагт энэ алба дуусахгүй” хэмээж байв.
Анх энэ их хүнийг мэдэх болсон цаг гэвэл “Өвгөн тэнгис хоёр”- ыг Ц.Сүхбаатар гуай орчуулан хэвлэхээр болоход англи хэлтэй нь тулган харьцуулж байлаа. Мөн сэтгэл ээнэгших юм уу, нэг их бодол болон суух агшин хугас мөчүүдэд шүлэг бийрлэж сэтгэлийн амгалангаа ургуулна. Түүхийн олон арван ном гаргаж, судалгааны олон бүтээлд редактораар ажиллав. Басхүү сүүлийн үед зохиолчид төдийлөн туурвихаа больсон найраглалын төрлөөр хэд хэдэн бүтээл туурвижээ. Ингэж өөрийгөө бэлдэж, бичих ажилд улам туршлагажиж, сая болсон гэх цагт “Илиада”, “Одиссэй”-н орчуулгыг хийж гүйцэтгэжээ.
2004 онд албан ёсоор тэтгэвэртээ гарсны дараа газар үзэхээр аялах, эсвэл гэртээ үр ачаа өхөөрдөн тайван амарч суухын алийг нь ч сонгосонгүй. Энэ бүхэн болох жамаараа өрнөж, өдөр тутмын амьдралд орж ирдгээрээ ирсээр байх үйл явдлууд байв. Хамгийн гол нь эхнэрийнхээ бичсэн “Тэтгэвэрт гарна гэдэг нь өөртөө байгаа нөөц бололцоог илрүүлэн ашиглахыг хэлнэ” гэсэн үгийг зорилго болгож ирснээ учирлан өгүүлсэн сэн. Тиймээс л дээр дурдсан онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Олон улсын харилцааны тэнхим”- ийг үүсгэж байгуулав. Өөрөө ч тэнхимдээ үргэлжлүүлэн таван жил багшилжээ. Ямар нэгэн үйл бүтээхэд хөдөлмөр хамгийн чухал. “Амар тайван байж, аз жаргалтай аж төрнө гэдэг нь юу ч хийхгүй зүгээр суухыг хэлэхгүй” гэх үгийг Д.Цахилгаан агсан ихэд онцлон дурдсан нь сэтгэлд үлджээ.
Цаг хугацаа юмсыг мартуулдаг, эдгээдэг, бүдгэрүүлдэг, бүтээдэг, бас ирээдүйг авчирдаг. Гэхдээ олон сонгодог бүтээлүүд бидний олж нээгээгүй цаг хугацаанд түгжигдсэн байж болно. Лесбосын уянгалаг Сапфогийн хэдэн мөрийг хадгалсан тасархай хуудсууд олдоогүй бол дараагийн олон олон уянга төрөхгүй байсан ч байж мэднэ. Бүтээл урлах, соён гэгээрэл үүнтэй л адилхан. Ямархан нэг хаалттай цаг хугацааг нээж гайхалтай түүх босгох, ертөнцийг өөрийн оюун санаандаа дахин тольдохыг хэлдэг. Тийм туурвилч, тэгж чадсан хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Цахилгаан агсан байлаа.