
ОХУ-ын Гадаад хэргийн яам Ялалтын баярын арга хэмжээг тасалдуулах Украины оролдлогод хариу болгон Киев хотод өргөн хэмжээний цохилт өгөх болно хэмээн анхааруулав. Тиймээс болзошгүй аюулаас сэрэмжлэн дипломат төлөөлөгчдөө яаралтай нүүлгэн шилжүүлэхийг анхааруулсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова дипломатуудад Батлан хамгаалах яамнаас гаргасан сэрэмжлүүлэгт анхаарахыг уриалаад “ОХУ-ын Гадаад хэргийн яам танай улсын эрх баригчид, танай байгууллагын удирдлагад энэхүү мэдэгдэлд өндөр хариуцлагатай хандаж, Оросын Зэвсэгт хүчин Киев хотод зайлшгүй хариу цохилт өгөхтэй холбоотойгоор дипломат болон бусад төлөөлөгчийн газрын ажилтнуудыг тус хотоос цаг алдалгүй нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна” гэв.
Захарова мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський даваа гарагт Армен улсад болсон Европын Улс төрийн хамтын нийгэмлэгийн уулзалтын үеэр Ялалтын баярын арга хэмжээг тасалдуулах талаар “түрэмгий бөгөөд заналхийлсэн мэдэгдэл” хийсэн гэж буруутгасан байна.
“Европын Холбооны хэд хэдэн улсын төлөөлөгч тэнд байсан ч хэн нь ч Киевийн өдөөн хатгагчийг зэмлээгүй” гэж Захарова нэмж хэлжээ.
Арменд хийсэн мэдэгдэлдээ Зеленський Орос улс аюулгүй байдлын үүднээс Ялалтын баярын арга хэмжээг хязгаарлаж, цэргийн техник хэрэгсэлгүйгээр зохион байгуулна гэж мэдэгдсэнийг дурдсан байна. “Олон жилийн дараа анх удаа тэд цэргийн техникээ гаргаж чадахгүй боллоо. Тэд Улаан талбай дээгүүр дрон нисэхээс айж байна. Энэ нь ихийг өгүүлж байна” гэж Зеленський хэлжээ.
Пүрэв гаргийн өглөө X хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлдээ Зеленський Орос Ялалтын баярын цэргийн парадад бэлтгэхийн тулд бүс нутгуудаасаа Москва орчим руу агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ шилжүүлэн байршуулж байгаа нь Украинд алсын тусгалтай цохилт өгөх боломж олгож байна хэмээсэн юм.
Хоёр улс Ялалтын баярын өмнө тус тусдаа гал зогсоох санал зарласан. Украин 5-р сарын 6-нд зарласан нэг талын гал зогсоох хэлэлцээрийг нөгөө тал нь зөрчсөн гэж бие биенээ буруутгажээ. Харин Орос улс 5-р сарын 9-ний Ялалтын баярын арга хэмжээнд зориулан түр эвлэрлийг санал болгосон билээ.