“Чингис хаан” үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэ удаад Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэглэн толилуулжээ.
“Чингис хаан” музей, “Талын язгууртан сан”, “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” хамтран гаргаж буй тус үзэсгэлэнд “Чингис хаан” музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг буюу XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс багтжээ.
Онцлох үзмэр болох “Шүтээн хөрөг”
-660x0.png)
“Дайны тэнгэрийн дүрээр залрах чингис хааны шүтээн хөрөг”-ийг гэгээн гэрэлт нарны доор, огторгуйгаас товолзсон их утаан дунд, аливаа эрдэнэсийн эмээл, хазаар, хөмөлдрөг хударгаар чимсэн цагаан морь хөлөглөсөн, бат чийрэг дуулга, эрдэнэсийн их хуяг, асар үзэсгэлэнтэй гутал сэлт өмсгөлийг асааж, үлэмж хурц сумаар дүүрсэн саадаг, бат чийрэг нум дүрсэн хоромсого, үлгэрлэшгүй хурцлан гүйцэтгэсэн илд сэлтийг зүүгээд, дан гилбэртэй, улаан, хөхийг намируулсан молцогт жадыг зүүн мөрөн тушаа нь агсуулан, гурван үет ташуурыг баруун мутартаа болгоож, хүчит жигүүртнийг тэргүүн дээрээ нисгэж, цагаан арсланг баруун эгэмдээ, эрээн барсыг зүүн эгэмдээ дүүлүүлж, хар нохой, хар өтгийг урд хойноо гүйлгэн сүр жавхлантай бөгөөд эрх хүч ихт дүртэйгээр буун айсуйгаар дүрсэлдэг.
Хөргийн оройд хөх тэнгэрт, цагаан үүл дээр заларч буй Очирваань бурхан, тахигдахууны эргэн тойронд нь найман сүлд тэнгэр, нөхөд сэлтээр хүрээлүүлж, тахилын хэсэгт дун, бүрээ, бөмбөр, цан зэрэг хөгжмийн зэмсгээр эгшиг өргөж буй ягшсыг дүрсэлдэг агаад зүүн баруунд нь таван хошуу мал, арслан, заан, барс, ирвэс тэргүүт хүчтэнг эгнүүлэн, тахилын суурьд төгс эдлэл болсон баатрын хуяг, дуулга, зэр зэвсэг, эд хэрэглэл, идээ ундаа бүгдийг дутуу нь үгүй, бүрэн төгөлдөр жигдрүүлдэг байна.
Эдгээр зурагт дүрслэгдэж буй зан үйлийн ерөнхий утга, агуулга нь тахил үйлдэх төгс эд эдлэлүүдийг нэг бүрчлэн бэлтгээд, ариун үнэрт, арц хүжсийн утаа баагиулж,яруу эгшиглэнт заллагын үг дуудан, урин залж ирүүлээд, сүлд тэнгэр, нөхөд сэлтийг ханган баясгаад, адислал соёрхлыг нь хүртэж, ахуй үесийн аливаа заслыг бүтээгээд, хий биеэрээ нэгэн хамт байхыг бэлгэддэг байна.
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
-660x0.png)
Монголын Их Юань Улсын үед (1272–1368) улсын багш Пагва лам Лодойжалцан (1235–1280) бээр “Мэдэгдэхүүн машид тодруулсан шастир” зохиолдоо түмэн улсыг байлдан дагуулсан Эзэн Чингис хааныг “Хүрдэн эргүүлэгч Чакравартин хаан” хэмээн нэрийдсэн байдаг.
XVII-XVIII зууны үеийн монголын түүхийн сурвалж бичгүүд эртний Энэтхэгийн хамгийн анхны Махасамади (Олноо өргөмжлөгдсөн) хааны домгоор эхэлж, залгаад эртний энэтхэг, төвөдийн номт хаадын тухай өгүүлээд, Чингис хаан тэргүүтэн монголын хаадтай ном хийгээд төрөл дарааллын хэлхээсээр холбон бичдэг уламжлал тогтжээ.
Монголчуудын дунд Чингис хааныг хамаг бурхдын хүч чадлын мөн чанар болсон Очирваанийн хувилгаан хэмээн үзэж, ойлгох ёс өргөн дэлгэрсэн нь өнөө ч бадрангуй хэвээр байна. Дайны тэнгэр (Далха) тэргүүтэн өөр бусад тэнгэр сахиусыг ч гэсэн Чингис хаан хэмээн сэтгэх үүднээс тахиж тавиглах нь ер элбэг байсан мэт. Чингис хааныг бурханчлан шүтэх энэ мэт олон учир үндэслэл, ёс уламжлалын үүднээс дүрийг нь бурханчлан бүтээх, тусгайлан ариутгал (сан) хийгээд, тахил өргөх тэргүүтэн зан үйл үүссэн нь гарцаагүй хэрэг мөн.