
ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг холбогдох байгууллагууд хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийжээ.
Үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна.
ОХУ-ын холбогдох байгууллагаас тухайн тохиолдол тарваган тахал болох нь батлагдаагүй, “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн оноштой байсан талаар албан ёсоор мэдээлжээ.
Эрсдэл бага хэдий ч урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн нэвтрэх цэгүүдийн тандалт, хяналтыг сайжруулж, шаардлагатай нөөц, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахал өвчний улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах албаны шалгалтаар өвчтөний эрхэлж байсан ажилтай холбоотой эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй бөгөөд “Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн онош тавьсан тухай мэдээлэл ирүүлжээ.