Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо Улсын тавдугаар зөвлөлгөөнөө 2025 оны тавдугаар сарын 29-нд хийсэн. 100-аад хүн оролцсон арга хэмжээнийхээ маргааш буюу 30-нд нь хотоос нутаг буцаагүй Дархан, Сэлэнгэ, Завхан, Увс, Орхон, Хэнтий аймгийн төлөөлөл нь Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяагийн хамт мэдээлэл хийсэн. Тэд эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг гажуудуулж ЭМДҮЗ-өөс /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл/ 2025 оны эхээр баталсан 04 дүгээр тогтоолыг эсэргүүцсэн. Мөн эмнэлгүүд эм ханган нийлүүлэх байгууллагад эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрийн хуримтлагдсан өрөнд орж, ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг төлж дийлэхгүй байгааг онцлоод, эмч, ажилтнуудын цалинг нэмэх, салбарын санхүүжилтыг ДНБ-ий гурван хувь байгааг зургаан хувьд хүргэхийг шаардсан. Энэ шаардлагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлээд, шаардлагатай бол тэмцлийн хэлбэрт хүрнэ гэдгээ мэдэгдсэн.
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Э.Төрмөнхийн яриагаар тус эмнэлэг мэдрэл, уламжлалтын тасгуудаа нэгтгэж, орон тоогоо цомхотгосон байна. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Т.Амарзаяа зүрх, бөөр, элэгний өвчтэй иргэдийг хэвтүүлэх эмчлэх боломжгүй болсныг дуулгасан. Мөн тэрээр шээс, бэлгийн замын өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэгт хэвтэх боломжгүй байгаа нь эх, ургийн амь насанд халтай шийдвэр болсныг хэлсэн. Орхон аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭХ-ны дарга Г.Түвшинжаргал ЭМДҮЗ 4 дүгээр тогтоолоороо өвчлөлийг цочмог, төлөвлөгөөт, архаг хууч гэж ангилан архаг хууч өвчний жагсаалтад багтсан өвчний оноштэй иргэнийг хэвтүүлэн эмчлэх боломжийг хязгаарласан нь эмч, өвчтөний хооронд маргаан дагуулж, хэн хэндээ хүндрэл учруулсан зохицуулалт болж байгааг хэлсэн юм. Даатгалаа төлсөн, төлөөгүй элгээ барьсан өвөө, зүрхээ дарсан эмээд эмнэлгийн ор олдохоо больжээ. Архаг хууч өвчний ангилалд орсон олон өвчнийг “цочмог” гэдэг ангилалд оруулахгүй бол эрдэнэт хүний амь олноороо хорогдох таагүй үр дүн гарч мэдэхээр байгааг тэд сануулсан юм.
Бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх, мөн Баянгол дүүргийн эмнэлгээр очиж өвчтөнүүдтэй, бас эмнэлгийн удирдлага, тасгийн эрхлэгч нартай нь уулзсан. Нүдээр үзэх чухал. “Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилт буюу стратегийн худалдан авалтад 2021 онд шилжсэн. Эрүүл мэндийн даатгалын сан, улсын төсвийн санхүүжилтыг нэгтгэж нэг худалдан авалтын тогтолцоотой буюу бага зардлаар, үр ашигтай менежмэнт хийхээр төлөвлөсөн бодлого. Эмнэлгүүд менежмэнтээ сайжруулж, ХСҮТ, нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн ачааллаас хуваалцах үйлчилгээг өөрсдөдөө бий болгож чадвал санхүүжилтаа сайн авна. Манай эмнэлэг эмч, сувилагч, ажилтнуудынхаа цалинг нэмж, урамшуулж, гадаадад сургадаг болсон” гэж Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ц.Олонбаяр ярив. Гэхдээ архаг хууч ангилалд орсон зарим өвчнийг цочмог ангилалд оруулах хэрэгтэй гэдгийг бас дурдсан. Тус эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч З.Ганчулуун насанд хүрэгчдийн хариуцлагыг тодруулж ярилаа. Чихрийн шижин өвчний оношоор ирж хэвтчихээд гаднаас кола, чихэрлэг тахиа захиалж иддэг, уушиг нь муудаж хэвтчихээд тамхи татаад байдаг, элэг дотор нь муу хэрнээ архинаас гардаггүй өвчтөнүүдийг Монгол Улс цаашид үнэгүй эмчлээд байх нь зөв үү гэдгийг тэр хөндсөн.
Дотрын тасагт орвол элэг үнэртэж байна. Элэг муутай хүмүүсээс үнэртдэг тэр үнэртээ өөрсдөө бол дасчээ. Урдаас та мэддэг юм уу гэнэ. Тасгийн эрхлэгч Г.Цэвэлмаагийн үүдэнд шинжилгээний бичгээ барьсан олон хүн байна. Архины хамааралтай хүмүүсийг хэвтүүлэхгүй гэхэд хэцүү, ойр ойрхон бие нь муудаж ирдэг тэднийг байнга хэвтүүлээд байх бас хэцүү. Эмнэлгийн ор тоотой. Бид яаралтай, цочмог өвдөлттэй, амь тэнссэн өвчтөнүүдээ орон дээр хэвтүүлж амийг нь аварч, эмнээс гаргах ёстой. Улсаас тэгж шийдсэн нь оновчтой боловч нөгөө талд дотор эрхтний архаг, хууч өвчтэй иргэдийг нааш цааш гүйлгээд байх, ахмад настнуудыг буцаагаад байх, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, асрах хамгаалах хүнгүй хүмүүсийг буцаагаад байх хүнд байна гэсэн. Буцаасан иргэдийнх нь бие гэртээ муудаж ойр ойрхон түргэн дуудаж эмнэлэгт ирж байгаа нь өвчний эмчилгээнд квот тогтоосны нэг эффект гэж Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Н.Хайруул бидэнд хэлсэн.
Баянзүрх эмнэлгээр бид орлоо. Сурвалжилж яваа юм, та ярилцлага өгөөч, тасгийн эрхлэгч нартайгаа уулзуулж өгөөч гэж захиралд хэллээ. “Манайх хувьчлагдчихсан эмнэлэг. Хувийнх учраас ярилцлага өгөх албагүй” гээд эрс татгалзав. Бидний сурвалжилга бэлдэж байх цаг үе Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох, дагаад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан солигдох эгзэгтэй үе таарснаас үүдэж тэрээр татгалзав уу, үнэхээр хэвлэлд хаалттай захирал таарав уу ойлгосонгүй. Бид Баянзүрх эмнэлгийн Дотор судлалын 212 тоотын үүдэнд дугаарлаж байгаа хүмүүстэй уулзсан. Ахмад насны хоёр эмэгтэй хэвтэх бэлтгэлтэй тор, үүргэвчтэй иржээ. Сэтгүүлч дуудсан гээд эмч нар буруугаар ойлгочих вий гэж биднээс болгоомжилж байснаа эмчтэйгээ уулзав. Тэд хэвтэхээр болжээ. Залгиурын хавдартай гэх эмэгтэй, бас өндгөвчний хавдартай гэх бас нэг эмэгтэй хэвтэхээр хүлээж байна. Үзлэг, шинжилгээнүүд тус бүртээ цагтай, тэр болгон нь олон хоног, сарын зөрүүтэй, тэгж тэгж хэдэн сараар тойрч байж эмчдээ үзүүлж байна. Хэвтүүлэх үгүй нь тодорхойгүй байна гэж нөхрүүд нь хэлнэ. 85-тай хадмын хөгшнөө хэвтүүлэх гээд чадахгүй байна. Бие нь тааруу учраас гэртээ ганцааранг нь үлдээж чаддаггүй, сүүлийн сар гаруй эмнэлгээр дагуулж явлаа гэж бухимдсан залуу таарлаа. Аав насаараа даатгал төлсөн, эмнэлэгт ер хэвтэж үзээгүй, элэг нь муутай хэвтүүлэхгүй байна гэж залуу эмэгтэй бидэнд шивнэлээ. Эмнэлгийн орон дээр даатгалаараа хэвтэн эмчлүүлэх боломж олдоогүй хүмүүс дунд бие тааруу хүмүүс олон байсан. Өдрийн эмчилгээнд ирж буцаад байх боломжгүй, удаан цагаар сууж чадахгүй хүмүүсийг нааш цааш нь гүйлгээд байх бидэнд ч хүндрэлтэй л байна гэж Баянзүрх эмнэлгийн Өдрийн эмчилгээний эмч Д.Номинцэцэг учирласан.
Үдээс хойно Баянгол нэгдсэн эмнэлгээр очлоо. Эмнэлгийн удирдлагууд эзгүй. Ажилтнуудаас нь асуувал өрхийн эмнэлгүүдээр яваа юм байна. Хоёр цагийн дараа Нэгдсэн эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга Э.Идэртэй уулзахад, “Манайх хавдрын төвтэй болсон. Тэндээ хими, бай эмчилгээнүүд хийдэг болсон. Хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэгтэй. Хүүхдүүдийн шүд даатгалаар эмчилнэ. Эм ханган нийлүүлэх байгууллагууддаа бусад эмнэлгийн адилаар өртэй. Гэхдээ барагдуулаад явж байгаа. Цар тахлаас хойш бид шаардлагагүй хэвтэлтүүдээ багасгасан. Хавар болохоор витамин, дусал тариулж сэргэнэ гэж ирээд эмнэлгийн ор дүүргэдэг явдлыг болиулсан гэсэн үг. Эмчийн хяналтад байж, хоолноос нь эхлээд хянах харах шаардлагатай цочмог хүмүүсээ хэвтүүлж байгаа. Ингэж ангилж байгаа нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүн гадна үлдэхээс сэргийлсэн сайн талтай. Гадаадад ч ийм байдаг. Нийтээрээ эрүүл мэндийн боловсролтой болж, амьдралын эрүүл, зөв хэвшилтэй байж, дасгал хөдөлгөөн хийдэг болвол хүнсэндээ анхаарвал, даамжруулахгүйгээр эмчид ханддаг, шинжилгээгээ өгдөг болчихвол сайн байна даа” гэж тэр хэлсэн.
Нийслэлийн гурван дүүргийн эмнэлгээр явахад архаг хууч өвчтэй хүмүүст гүйцэтгэлийн санхүүжилтын тогтолцоо хатуу тусч байгааг харлаа. Өмнөх сайд Т.Мөнхсайхан, одоогийн сайд Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсгийг ахалж байгаа парламентч Д.Ганмаа нартай санал солилцсон. Тэд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн урт хугацаанд гарна. Хамгийн гол нь сум, баг, хорооны түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрлийг нэмж, эрт илрүүлэг, үзлэг шинжилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй байна. Тэгж байж өвчнийг бага дээр нь оношилж эмчилнэ. Энэ нь эргээд тухайн иргэдийг эмнэлэгт хэвтэхээс аргагүйд хүндрэхээс сэргийлнэ. Нөгөөтэйгүүр, нийтийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүл амьдралын хэвшилд хөтлөх салбар хоорондын бодлого чухал нөлөөтэй. Монгол Улс хүн амд ногдох эмнэлгийн ор, эмчийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Харамсалтай нь өвчлөл өндөр байгаа учраас эмийн болон бусад зардалд иргэдийн төлсөн даатгал ихээр зарцуулагддаг. Засах зүйл их байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүн урт хугацаандаа гарна. Сайжруулаад үргэлжлүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байсан.
Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн үр ашиггүй бодлого, өвчлөл, эмийн картелиудын нөлөө, тендерийн авлигаас үүдэж Эрүүл мэндийн даатгалын сан ихээхэн алдагдалтай байгааг бид мэддэг. Санхүү эдийн засгийн ийм хүндрэл энэ салбарыг бүсээ чангалахаас аргагүйд хүргэсэн. Үр дүнд нь өвчтөнүүдэд ингэж мэдрэгдэж байна. Мэдээж иргэд даатгалаар үйлчилдэг учраас улсын эмнэлгийг бараадна. Хэвтэж чадахгүй нь хувийнх руу явна. Өвдөх өртөг улам л нэмэгдэж байна.