
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдаад гурван жил болжээ. Тус хуулийн хэрэгжилт хийгээд Монгол Улсад амьтны эрх хангагдаж байгаа эсэх талаар “Азтай Савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглонтой ярилцлаа.
-Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болоод гурван жил болж байна.Өнгөрсөн хугацаанд тус хуулийн хэрэгжилт ямар байв. Үнэхээр эрхийг эрх зүйн хүрээнд хангаж хамгаалж чадаж байгаа юу?
-Хүмүүс үүнийг амьтны эрхийг хамгаалах хууль гэж ойлгодог. Гэхдээ амьтан өөрөө эрхээ эдэлж байгаа эсэхээ хэлж, шаардаж чадахгүй учраас уг хууль үндсэндээ амьтан эзэмшигч, асран хамгаалагч болон иргэдийн үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгснөөрөө амьтны эрхийг хамгаалах зорилготой. Хуулийн хэрэгжилт одоогоор хангалтгүй. Учир нь хуулийг дагалдан дагаж мөрдөх журам, зохицуулалтууд батлагдах ёстой байдаг. Гэтэл эдгээр журам өнөөдрийг хүртэл бүрэн батлагдаагүй. Холбогдох төрийн байгууллагуудын дунд ч тодорхойгүй асуудлууд байсаар байна. Хэрэв дагалдах журам, зохицуулалтууд бүрэн батлагдвал Амьтны тухай хууль жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэж, улмаар амьтдын эрх, хамгаалал бодитойгоор хангагдах нөхцөл бүрдэнэ.
-Танай байгууллага эзэнгүй нохой муурыг хамгаалах чиглэлээр ямар үйл ажилагаа явуулж байна вэ?
-Нохой, муурын эздийг хариуцлагатай болгож зохисгүй үржлийг хянах нь амьтны эрхийг хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдгийг бид ойлгосон. Тиймээс 2014 оноос эхлэн нохой, муурын зохисгүй үржлийг хязгаарлах ажилд түлхүү анхаарч эхэлсэн. Эм нохой, муурын үржлийг зогсоох мэс заслыг спэй, эр нохой, муурын үржлийг хязгаарлах мэс заслыг кастраци гэж нэрлэдэг. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол нэг эм нохой жилд дунджаар хоёр удаа төллөж, нэг удаад ойролцоогоор зургаан гөлөг гаргах боломжтой. Ингэснээр золбин болон эзэнгүй амьтдын тоо маш хурдан өсдөг. Тиймээс бид спэй буюу үржил зогсоох ажлын ач холбогдлыг олон нийтэд таниулж, энэ ажлаа нийслэлийн удирдлагуудад танилцуулан өөрсдийн боломж бололцооны хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Манай байгууллага өнөөдрийг хүртэл 300–500 орчим нохой, мууранд спэй заслага хийсэн. Мөн 2024 оноос эхлэн орон нутагт энэ үйл ажиллагаагаа өргөжүүлж, одоогийн байдлаар 6–7 аймагт хүрч ажиллаад байна.
-Сүүлийн үед нийгмийн сүлжээнд төдийгүй нэр бүхий хэвлэлээр тэжээвэр амьтантай холбоотой сөрөг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүний хор уршиг хийгээд үр дагаврын талаар мэдээлэл өгөхгүй юу ?
-Энэ асуудлыг хоёр талаас нь харж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг талаас, галзуу өвчний вирусээр халдварласан амьтанд хазуулсан тохиолдолд хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. Галзуу өвчний халдвар авсан тохиолдолд амь насанд аюултай тул урьдчилан сэргийлэх, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх нь маш чухал. Нөгөө талаас, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа асуудлыг мэдээлэхдээ баталгаатай эх сурвалж, үнэн бодит тоо баримтад тулгуурлах ёстой. Хэт нэг талыг барьсан, эсвэл баталгаагүй мэдээлэл түгээх нь иргэдийг төөрөгдүүлж, үндэслэлгүй айдас түгшүүр үүсгэх эрсдэлтэй.
-Зарим СӨХ тэжээвэр амьтантай өрхөөс нэмэлт төлбөр авдаг. Гэртээ амьтан тэжээж байгаа иргэдээс ингэж нэмж төлбөр авах нь үндэслэлтэй юу?
-Миний бодлоор энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны дотоод зохион байгуулалттай холбоотой. Тухайн байранд оршин суугчид өөрсдөө санал бодлоо солилцож, нохой тэжээдэг айл өрхөөс хэдий хэмжээний төлбөр авах, эсвэл ямар журам мөрдөх талаар олонхын саналаар шийдвэрлээд дүрэмдээ тусгах боломжтой. Хэрэв оршин суугчид харилцан зөвшилцөж, дүрэм журамдаа тодорхой зааж өгсөн бол энэ нь тухайн холбооны өөрсдийнх нь зохицуулах асуудал болно. Ийм нөхцөлд төрийн байгууллага, дүүрэг, хороо зайлшгүй оролцох шаардлагагүй.
-Дархан-Уул аймагт эзэнгүй нохойг устгаж,бордоо болгосон хэрэг гарсан. Энэ нь амьтны эрхийн зөрчил үү?
-Дархан-Уул аймагт болсон асуудлыг харахад гүехэн нүх ухаж дээр нь мод тарьсан гол зорилго нь био ялзмаг гаргах гэсэн санаа гэж таамаглаж байгаа. Тэрийг маш гүн ухах хэрэгтэй. Гэхдээ энэ нь эрсдэл дагуулдаг. Ялангуяа, устгасан нохдын дунд халдварт өвчинтэй нохой байсан бол зүгээр буудаж булснаар халдварын эрсдэлийг бүрэн арилгаж чадахгүй. Хөрс, орчин бохирдох, мөн бусад амьтад халдварлах эрсдэл үүснэ.
-Манай улсад амьтны эрх чухам ямар байдлаар зөрчигдөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улсад амьтны эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин байдаг ч зарим тохиолдолд зөрчигддөг. Жишээ нь, эзэнгүй нохой устгал нь амьтны амьдрах эрхийг шууд зөрчдөг. Зарим айлууд хашаандаа нохойгоо олон жил уядаг нь амьтны хөдөлгөөн, нөхөн үржих эрхийг хязгаарладаг. Ийм нөхцөлд нохой догшин болж, эзэн болон хөрш айлууддаа аюул занал учруулах эрсдэлтэй. Үүний улмаас эзэд нь өөрсдөө айдаст автдаг, амьтны эрүүл мэнд, зан төлөвт сөргөөр нөлөөлдөг.
А.Цагааншүхэрт