
Монгол Улсын Боловсролын их сургуулийн “Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл - Үндэсний хэлэлцүүлэг 2026” боллоо. Тус хэлэлцүүлэг нь багш бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, ирээдүйн багшийн чанарыг шинэ түвшинд хүргэх, улмаар боловсролын чанарыг сайжруулах ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд багш бэлтгэх хөтөлбөрт суралцагч төвтэй, чадамжид суурилсан хандлагыг нэвтрүүлэх, сургалтын агуулга, арга зүйг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, дижитал чадварыг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.
Тиймээс Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл – Үндэсний хэлэлцүүлэг” нь багш бэлтгэх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг олон талын оролцоонд тулгуурлан хэлэлцэх, тулгамдсан асуудлыг тодорхойлоход чиглэж байгаа билээ.
Ийнхүү олон улсын түвшинд нийцсэн хөтөлбөрийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч, зарим багш, судлаачдын өгсөн мэдээллээс уншигчдад хүргэе.
МУБИС-ийн ректор, доктор, профессор Ж.Батбаатар:
“Аливаа мэргэжилтэн бэлтгэх их дээд сургуулийн хөтөлбөр гэдэг бол тухайн цаг үе, нийгэм, эрэлт хэрэгцээ, шинжлэх ухааны хөгжлийн хандлага зэргийг дагаад үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгддөг тасралтгүй үйл явц байдаг. Тиймээс МУБИС ч мөн адил мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөө үргэлж шинэчилж ирсэн. Харин энэ удаагийн шинэчлэл бол манай сургуулийн 75 жилийн ой тохиож байгаатай давхцаж буй онцлогтой.
Бид багш бэлтгэх бүх хөтөлбөртөө, жишээлбэл ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь, мэргэжлийн гэдэг эдгээр багцууддаа бүгдэд нь хөдөлмөрийн дүн шинжилгээ хийчихсэн. Ирэх хичээлийн жилээс шинэчлэсэн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явна. Өнөөдөр тусгайлан бага болон сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийн загвар буюу МУБИС өөрсдийнхөө брэндийг салбарынхан, мэргэжилтнүүд, багш нар зэрэг хүмүүс танилцуулж санал хүсэлтийг нь сонсох, өөрсдийн туршлага, загвар, манлайлалаа хуваалцах зорилготой “Үндэсний хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.
Бидний зүгээс гурван жилийн өмнө хөтөлбөрийн үзэл баримтлалаа шинэчлэн баталж, манай сургуулийн олон багш нар бага ангийн болон цэцэрлэгийн боловсролд оруулж байгаа үндэсний хөтөлбөр шинэчлэгдэхтэй холбоотой үндэсний хэмжээний төсөл дээр ажилладаг. Хүний нөөцийн эл давуу талаа ашиглаж гурван жилийн өмнө хөтөлбөрөө шинэчлэн боловсруулсан. Мөн тухайн хугацаанд туршилтаар хэрэгжүүлсэн. Одоо үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа учраас дахин сайжруулалт хийж, ирэх 9 сарын 1-ээс шинэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бага болон сургуулийн өмнөх боловсролыг үндэсний хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдуулах нь гол ажил юм” гэлээ.
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн захирал доктор, профессор Б.Мөнхзаяа:

“Боловсролын багц хууль 2023 онд шинэчлэн батлагдсан. Тиймээс бид дээд боловсролын тухай хууль, сургуулийн өмнөх ерөнхий боловсролын тухай хуулиудад үндэслэж уг ажлыг эхлүүлсэн юм. Энэ нь тухайн онд Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас “сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх” хөтөлбөр байсан. Үүнийг гурав дахь жилдээ шинэчилж, хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг шинэчлэхдээ зөвхөн хуульд үндэслэхээс гадна Боловсролын сайдын болон МУБИС-ийн ректорын тушаал, журам, заавруудад нийцүүлж, мөн багшлахуй суралцахуйн прагдамик шилжилт, үе хоорондын хөтөлбөрт оролцогчид зэрэг олон талыг харж, дүн шинжилгээ хийснээр бага насны хүүхдүүдтэй харилцах боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Тэдгээр суралцагч, оюутнууд маань бага насны хүүхдийн онцлог, сонирхол, хэрэгцээг бүрэн дүүрэн таньж, мэдэж чадахуйц болж бэлтгэгдэнэ гэсэн үг. Мөн бид багш мэргэжлийн гол утга учир, мөн төгсөгч, суралцагчид ямар байх вэ зэрэг үр дүн болон зорилгоо хамтатган тодорхойлж өгсөн. Ер нь бол маш олон судалгаанд үндэслэж, ажлын таван үе шаттайгаар зохион байгуулсан.
Заавал судлах ёстой таван хичээл дээр шинэчлэлийг хийж, хичээл бүр дээр дүн шинжилгээ хийгээд явчихдаг. Мөн сонгон судлах хичээлүүдийн уялдааг хэрхэн гаргах зэргийг ч авч үзнэ. Багш бэлтгэхийн хувьд хандлага, төлөвшил, ёс зүй зэргийг харгалзан авч үздэг. Яг үнэндээ өнөөдөр тогтвортой хөгжлийн үзэл санаа, дижитал ур чадвар, 21 дүгээр зууны хүүхэдтэй хэрхэн харьцах зэрэг нийт 124 кредитийг судалж чадвартай мэргэжилтнийг бэлтгэхээр зорьж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлэг ч мөн ажлын маань нэг хэсэг. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг олон талын оролцоонд тулгуурлан хэлэлцэх, тулгамдсан асуудал хийгээд цаашдын хөгжлийг тодорхойлоход чиглэж байгаа” хэмээв.
МУБИС-ийн Багшийн сургууль, доктор, дэд профессор Г.Бямбацэрэн:
-660x0.png)
“Боловсролын шинэчлэл үргэлж хийгддэг. 1960, 70-аад оны үед хүний хөгжлийн явц 20-30 жилийн циклтэй өөрчлөлтүүд гардаг байсан. Харин 1990 оноос хойш боловсролын прадигмын циклүүд ойртсон. Энэ нь нэгдүгээрт нийгмийн хөгжил хурдассантай холбоотой. Мөн нийгмийн хөгжлөө дагаад хүний хөгжил ч түргэссэн. Сүүлийн үед технологийн шинэчлэлүүдийн нөлөөлөл асар их бий. Өнөөдөр хичээлд хэрэглэж байсан технологи маргааш гэхэд хоцрогдсон байх жишээтэй. Тиймээс дэлхий дахинаа IT технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хоёрхон жил сураад бакалавр авах зэргээр богиносоод байгаа юм. Үүнээс гадна дэлхийн томоохон боловсролын форм, уулзалтууд их хийгдэх болсон. Энэ нь ч мөн хүний хөгжлөө дагаад ахин дахин шинэчлэл хийхгүй бол болохгүй гэдгийн жишээ мөн. Бид эл олон өөрчлөлтөд дасан зохицох шаардлагатай. Тэр нь өөрчлөлт, шинэчлэл юм.
Үүнийг эцэг эхчүүд, ямар нэгэн хөндлөнгийн хүмүүс харж байгаа бол багшийн боловсрол, ерөөс боловсролын систем дээр өөрчлөлт хийгдэхгүй байна гэх нь өрөөсгөл ойлголт. Яахав япон зэрэг зарим орны боловсролын хөтөлбөрийн шинэчлэлүүд арван жилийн циклтэй хийгддэг. Магад зарим хүмүүс энэ хүрээгээр харьцуулж, яриад байх шиг байдаг. Гэвч арван жилийн цикл дотроо дахин дахин өөрчлөлтүүдийг хийгээд л явж байгаа. Тиймээс шинэчлэлийн хөтөлбөрүүдээс бултах аргагүй юм.
Тэр ч утгаараа манай сургууль ирээдүйн багш нарыг бэлтгэх эрхэм зорилгоо үе шаттайгаар шинэчилж, хөгжүүлсээр ирсэн” гэв.
-660x0.png)
МУБИС нь боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн бага ангийн багш бэлтгэх бакалаврын хөтөлбөрөө тасралтгүй сайжруулж ирсэн бөгөөд 104 жилийн турш чанартай боловсрол, чадварлаг мэргэжилтэн бэлтгэсээр иржээ. Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд олон улсын магадлан итгэмжлэлд тогтмол хамрагдаж, сургалтын чанар, агуулгаа дэлхийн түвшинд хүргэхэд онцгой анхаарсаар байгаа юм. Үүний үр дүнд “Багш, бага ангийн боловсрол” хөтөлбөр нь олон улсын шалгуурыг хангаж, дэлхийн стандартад нийцсэн боловсрол олгож буйг баталгаажуулсан нь чухал үзүүлэлт болов.
Өдгөө сургалтын агуулгад орчин үеийн боловсролын чиг хандлагуудыг тусган, англи хэлний багт бэлтгэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн суралцахуй, SEL, STEAM боловсрол, унших стратеги, анхан шатны кодчилол, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж.