
BLACKPINK хамтлагийн гишүүн Жисү бие даасан уран бүтээлийн карьераа Өмнөд Солонгосоос гадна олон улсын зах зээлд өргөжүүлэх зорилгоор Холливудын томоохон агентлагуудын нэг WME-тэй дэлхий даяарх төлөөллийн гэрээ байгуулжээ.
АНУ-ын хөгжмийн салбарын хэвлэлүүдийн мэдээлснээр, WME агентлаг дуучин, жүжигчин Жисүтэй албан ёсоор гэрээ байгуулсан байна. Беверли-Хиллст төвтэй WME агентлаг хөгжим, кино, телевиз болон бусад салбарын уран бүтээлчид, жүжигчид, тамирчдыг төлөөлөн ажилладаг. Тус агентлагийн хөгжмийн салбарын үйлчлүүлэгчдийн дунд Бруно Марс, Рианна нар багтдаг.
Энэхүү гэрээ нь Жисүгийн одоогийн хамтын ажиллагаа, гэрээ хэлцэлд өөрчлөлт оруулахгүй. Тэрбээр 2024 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулсан Blissoo лейблээр дамжуулан бие даасан уран бүтээлээ удирдаж байгаа бөгөөд 2025 оны нэгдүгээр сард Warner Records компанитай дэлхий даяарх бие даасан уран бүтээлийн бичлэгийн гэрээ байгуулжээ. Харин BLACKPINK хамтлагийн үйл ажиллагаа нь YG Entertainment компанийн харьяанд хэвээр байгаа аж.
Ийнхүү Жисү WME агентлагтай гэрээ байгуулсан BLACKPINK хамтлагийн гурав дахь гишүүн боллоо. Хамтлагийн гишүүн Лиса 2025 оны есдүгээр сард тус агентлагтай кино, телевизийн уран бүтээлийн чиглэлээр гэрээ байгуулсан бол Розе мөн оны арванхоёрдугаар сард хөгжмийн карьерынхаа бүхий л чиглэлд төлөөлүүлэх гэрээ байгуулсан юм.