
Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Баасан гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл хийж, эрх баригч намын даргын суудалд өрсөлдөнө гэдгээ зарлалаа.
Тэрээр "Улс төрийн намын шинэчлэл өөрчлөлтийг байнга дэмжиж явах учиртай. Улс төрийн нам бол амьд организм. Өдөр бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж дэлхий нийтийн өөрчлөлт, шинэчлэлтийг мэдэрч өөрсдөө өөрчлөгдөж чадаж байж улс төрийн нам амьд оршин тогтнодог. Ингэж чадаж байж иргэд, сонгогчид, залуу үеийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тиймээс би албан ёсоор мэдэгдэл хийхийг хүссэн юм. Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй энэ намын иргэд, сонгогчиддоо амласан амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн турш ажиллаж өөрчлөлт, шинэчлэл, дэвшилтэд үзэл санааг намынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэв.
Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын намрын чуулганаас илүүтэй эрх баригч МАН-ын Бага болон Их хурлуудын тов анхаарал татаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын суудлаа авахаар хөдлөх нь тодорхой. Гэвч УИХ-ын даргын зүгээс ийнхүү мэдэгдэл хийсэн нь эрх баригч намын дотоодод уур амьсгал нэлээн хурцдаж буйг илтгэв. Д.Амарбаясгаланг мэдэгдэл хийхийн өмнөх өдөр түүн
Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 45 иргэний сорьцод хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт гурван батлагдсан тохиолдол байгаа бөгөөд нас барсан нэг хүн, биеийн байдал хөнгөн нэг, дунд нэг хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн 20 сэжигтэй тохиолдол 19 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ.
Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг буюу 443.000 кв2 талбай нь тарваган тахлын голомт, бүс нутаг байдаг. Өнгөрсөн 2005-аас 2025 онд тарваган тахлын нийт 31 өвчлөл, тохиол гарч байсан. Жилд дунджаар 1-ээс 2 тохиол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Гэтэл эрсдэл өндөртэй голомтод амьдарч буй иргэдэд хийдэг тарваган тахлын вакцингүй байгаа талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээллээ. Тэрээр "2025 онд тарваган тахлын вакцин нийлүүлэх тендер зарлаад нэг ч аж ахуйн нэгж оролцоогүй. Тарваган тахлын вакциныг зөвхөн ОХУ, Украинд үйлдвэрлэдэг. Манай тендерийн шаардлага нь өндөр. ДЭМБ-ын шаардлагад нийцсэн байх ёстой гэж үздэг. Гэтэл ОХУ, Украин ДЭМБ-аар вакцинаа баталгаажуулах ажлаа тэр бүр хийдэггүй юм байна. Бас 6-10-хан мянган ширхэг вакцин оруулж ирэх тендерт оролцох сонирхолтой аж ахуйн нэгж алга. Цаашдаа байнга вакцинтай байхад анхаарна. Гэхдээ вакцин байлаа ч 100 хувь хамгаалдаггүй. Энэ өвчин гарахгүй байхад вакцин өндөр үр дүнтэй нөлөөлдөг бол улс орнууд ДЭМБ-ын шаардлагад нийцсэн вакцин гаргана. Тахлын голомт цөөхөн хэдэн улсад байдаг учир цөөхөн улс орон вакциныг нь дотооддоо ашиглах зорилгоор үйлдвэрлэдэг" гэв.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна. Иймд Засгийн газар хууль эрх зүйн орчин бүрдэх хүртэл Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Цагдаагийн төв байгууллагын харьяа алба болох “Мөрдөн байцаах алба”-ны нэрийг “Мөрдөн шалгах алба”, “Хэрэг бүртгэх алба”-ны нэрийг “Гэмт хэрэг, зөрчил шалгах алба” гэж өөрчилллөө.
Улсын хэмжээнд 2021-2025 оны эхний хагас жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 1021 гэмт хэрэгт 987 иргэн холбогджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 112 гэмт хэрэг бүртгэгдэж, 97 иргэн яллагдагчаар шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар өссөн байна.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 51 хувийг 13-25 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэттийн хамт төрийн айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг өргөжүүлэх талаар санал солилцож, уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Амбан захирагч нөхрийн хамт Австралийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл, хөтөлбөр, тухайлбал “Оюу толгой” төсөл, “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж, “Налайхын Политехникийн коллеж”-д зочилсон.
Мөн Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжүүлсэн “Хил хязгааргүй номын сан” төслийн үр дүнтэй танилцаж, Үндэсний номын санд Австралийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс 40 гаруй ном хандивлалаа.