
Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башё Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. Аки башёгийн дээд зиндаанд ёкозүна Оносато түрүүлж, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн удаалав. Харин жюүрёо зиндаанд Монголын бөх, “Такасаго” дэвжээний Асахакүрюү Р.Жамъянтогтох 13 даваа, хоёр унаатай түрүүлэв. Тэрээр хоёр башё дараалан түрүүллээ. Жюүрёо зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ түрүүлж, олны анхаарлыг татаад байгаа Р.Жамъянтогтох дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ, улсын гарди Д.Рагчаагийн хүү аж.
Жюүрёо зиндаанд барилдсан манай бөхчүүдээс Чиёошома Г.Мөнхсайхан 9 даваа, 6 унаатайгаар тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол Кёкүкайюү Ш.Далайбаатар 6, Тамашохо Э.Энхманлай 4 даваа авчээ.

