
Мексик улс бага насны сурагчдын хичээлийн үеэр гар утас ашиглахыг хязгаарласан улсын хэмжээнд мөрдөх шинэ журмаа танилцууллаа. Уг журам хичээл эхлэх хонх дуугарахаас дуусах хонх хүртэл үйлчилнэ.
Арваннэгдүгээр сарын 3-наас хэрэгжиж эхлэх уг арга хэмжээ нь улсын боловсролын тогтолцоог бүхэлд нь хамарч, бага болон дунд сургуулийн сурагчдын гар утас, таблет ашиглалтыг хязгаарлана.
Ингэснээр Мексик улс хүүхдүүдийн гар утас болон олон нийтийн сүлжээнд нэвтрэх боломжид илүү тодорхой хязгаар тогтоохыг зорьж буй улс орнуудын эгнээнд нэгдэж байна. Дэлхийн олон орны засгийн газар сургууль болон цахим орчинд технологийн хэрэглээнд шинэ хязгаарлалт тогтоох талаар хэлэлцэж байгаа билээ.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум муж, мужийн боловсролын байгууллагууд уг арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрсэн гэж мэдэгдэв.
Тэрбээр ахлах сургуулиуд төхөөрөмжийг боловсролын зорилгоор аюулгүй, хариуцлагатай ашиглуулахын тулд өөрсдийн хязгаарлалтыг тогтооно гэж хэлжээ. Харин их сургуулиудыг ёс зүй, шүүмжлэлт сэтгэлгээнд тулгуурласан “дижитал иргэншил”-ийн хүрээнд хариуцлагатай хэрэглээг дэмжихийг уриалах аж.
“Энэхүү тохиролцоо нь хүүхэд, өсвөр насныхан болон залуусын эрхийг хамгаалах, тэдний сэтгэцийн эрүүл мэнд, суралцах үйл явц, ерөнхий хөгжлийг дэмжихийн зэрэгцээ анхаарал төвлөрөл, хүмүүсийн хоорондын харилцаа болон хамтын нийгэмлэгийг бэхжүүлэхэд чиглэсэн суурь алхам болж байна” гэж Боловсролын сайд Марио Делгадо хэлжээ.
Өнгөрсөн онд Австрали 16-аас доош насны хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болсон бөгөөд 2026 онд хэд хэдэн улс үүнтэй төстэй арга хэмжээ авсан.
Meta Platforms наймдугаар сард хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд донтуулах зорилгоор платформуудаа зохион бүтээсэн гэх нэхэмжлэлүүдийг шийдвэрлэхийн тулд ирэх арван жилийн хугацаанд 18 тэрбум ам.доллар хүртэл төлөх, мөн өсвөр насныхны Facebook болон Instagram хэрэглээнд хатуу хязгаарлалт тогтоохоор тохиролцсон юм.