
Хийсэн ажлаа дүгнэж, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргадаг оны эцсийн эдгээр өдрүүдэд аргаа барж суугаа ААН олон байна. Шалтгаан харин тэднээс өөрсдөөс нь бус өр үүсгэж дарамтад оруулсан татвараас үүдэлтэй.
2025 онд Татварын алба улсын төсөвт 17.9 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэлдээ хараахан хүрээгүй байна. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан “Татвар дээр шок өгөлгүйгээр иргэд, ААН-үүдэд зөвлөн тусалж өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ. Шаардлагатай бол Татварын хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээг шат дараатай авна” хэмээн мэдэгдэж байв. Сайд анхааруулснаа ажил хэрэг болгож ААН-үүдийн дансыг битүүмжлэн, татварын өрөө суутган авснаас ААН-үүд том, жижиггүй ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байдалд орж эхэллээ. Төр хүнд сурталтай, данхар хэвээр атлаа татварын дарамтаар өр үүсгэж, бизнес эрхлэгчдэд "төмөр нүүрээ" үзүүлэн хөрөнгийг нь битүүмжлэн, дансыг нь хааж байна. Ингэж ААН, компаниудаа дампуурал руу түлхэх нь төр засгийн хийх ёстой ажил, хэрэгжүүлэх хэрэгтэй арга хэмжээ биш л баймаар.
Олон шалтгаан, нөлөөтэй байж болох ч татвараа төлөх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ нөгөө талд татвар нь өр болж буй шалтгаан бас байж л таарна. Татвар авах гэсэн ганц зүйл дээрээ төвлөрөөд байгаа төр өөрөө тэр татварыг төлөх мөнгө хэрхэн бий болдгийг огт ойлгохгүй байна гэж байх уу?
Монгол улсад бизнес эрхлэх орчин таатай, төрийн үйл ажиллагаа бизнес эрхлэгчдээ “анхаарч, сонсож” чаддаг уу?
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Хүнд суртлын индекс судалгааг 2004 оноос эхлэн хоёр жил тутам тогтмол явуулж буй. Хоёр сарын хугацаанд үргэлжилж, Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нийт 975 бизнес эрхлэгчдийг хамарсан Хүнд суртлын индекс ба өртөг /2024/ судалгаанаас онцлох хэдэн тоог танилцуулья.
Тус судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 33 хувь төрийн хяналт шалгалтын улмаас торгууль төлсөн гэж хариулсан, гэхдээ тэдний тал хувь нь тэрхүү торгуулийг ҮНДЭСЛЭЛГҮЙ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 18 хувь нь хяналт шалгалтын үеэр албан бус зардал гаргасан гэсэн ба дундаж зардал нь 6,038,333 төгрөг байжээ. Хяналт шалгалтын явцад төрийн албан хаагчид хууль зөрчсөн эсэх талаар тодруулахад судалгаанд хариулсан бизнесүүдийн 50 хувь нь хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзсэн бөгөөд тэдний ердөө тал нь холбогдох байгууллагад гомдол гаргасан байна
Төрийн хяналт шалгалтад өртсөн бизнесүүд тухайн аж ахуйн нэгж ямар шалтгаанаар тэрхүү хяналт шалгалтад орох шаардлагатай болсон нь тодорхойгүй байсан гэдгийг онцолжээ. Судалгаанд хамрагдсан 975 бизнес эрхлэгчдээс төрийн үйлчилгээ авах явцад нийт 183 удаагийн хууль зөрчигдсөн байж болзошгүй үйлдэл гарсан гэж хариулсан бөгөөд эдгээрийн 18 хувьд нь л бизнесүүд үүсээд буй нөхцөл байдлын тухайд холбогдох байгууллагад гомдол гаргасан нь анхаарал татаж байна. Түүнчлэн гаргасан гомдол нь бараг бүгд шийдвэрлэгдээгүй хэвээр байгаа аж.
Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээтэй холбогдох хууль, дүрэм журмууд мөн саад болж байгааг онцолжээ. Гол асуудал нь бизнес эрхлэгчид хууль, дүрэмд орох өөрчлөлтүүд, шинээр батлагдсан хууль, бодлогын талаар цаг тухайд нь мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байдаг аж. Судалгаанд оролцогчдын 36.5 хувь нь тухайн бизнесийн үйл ажиллагаа явуулж буй салбарт нь холбогдох хуулиуд, дүрэм журмын хэт их зохицуулалтууд байна гэж үзсэн бол 16.6 хувь нь илүү оновчтой зохицуулалт хийх шаардлагатай гэжээ.
Хүнд суртлын индекс ба өртөг /Бизнес эрхлэхэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, бэрхшээл, өртгийг тодруулах судалгаа/Төрийн үйлчилгээний үр ашиггүй байдал (шат дамжлага, их хугацаа шаардах гэх мэт) болон эдгээр үйлчилгээнд шаардагдах өндөр болон нэмэлт зардлууд (албан ба албан бус) нь бизнес эрхлэгчдийг албан ёсны үйл ажиллагаанаас татгалзахад хүргэдэг гэж хариулжээ. Албан бус орчин нь татвар төлөлтийг бууруулахын зэрэгцээ санхүүгийн үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж, бизнесүүдийн хооронд шударга өрсөлдөөн үүсгэхэд саад болдог. Түүнчлэн, албан бус байдал нь төр засгийн зүгээс шударга өрсөлдөөн, эдийн засгийн хөгжилд чиглэсэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлэх боломжийг хязгаарладаг.
Судалгаанд хамрагдсан бизнесийн тал хувь нь жилдээ дунджаар нэг орчим сарыг холбогдох хууль, дүрэм журамтай нийцүүлэх үйл ажиллагаанд зарцуулдаг бол бизнес эрхлэгчдийн гуравны нэг нь жилд 10 сая төгрөгөөс дээш хэмжээний, мөн гуравны нэг нь нь 1 саяас 10 сая төгрөгийн зардал гаргаж байна. Түүнчлэн, бизнес эрхлэгчдийн ойролцоогоор 70 хувь нь хууль, дүрэм журмыг биелүүлэхтэй холбоотой эдгээр зардлыг өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнд шингээдэг гэж хариулжээ.
Хүнд суртлын индекс ба өртөг /Бизнес эрхлэхэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, бэрхшээл, өртгийг тодруулах судалгаа/Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсын хүнд суртлын өртөг харьцангуй өндөр гэдэг нь харагдаж байна. Төрийн хууль, дүрэм, журмын зохицуулалтуудын нарийн төвөгтэй байдал, алдагдсан цаг хугацаа, албан бус зардлууд нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл үүсгэж байна. Түүнчлэн энэхүү бизнест үүсээд буй хүндрэл нь бизнесийн орчны хөгжилд голлох бэрхшээлүүдийн нэг болж байна.
Судалгааны дүгнэлтэд үндэслэн гаргасан санал зөвлөмжид анхаарал татсан хоёр зүйл байлаа.
Нэгдүгээрт, Бизнес эрхлэгчидтэй холбогдолтой төрийн бодлого, шийдвэр гаргахдаа хувийн хэвшлийн оролцоог бүрэн хангах, гарсан шийдвэрийг бизнес эрхлэгчдэд хүргэх харилцааны механизм бий болгох. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй нэг бэрхшээл нь төрийн бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэж чадахгүй байх явдал юм. Энэ нь сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж байгаа. Түүнчлэн төрийн бодлого, шийдвэрт хувийн хэвшлийн оролцоо, дуу хоолой улам бүр хязгаарлагдсаар байна. Тус судалгааны үр дүнгээр мэдээллийн ил тод, ойлгомжтой байдлын үнэлгээ буурч гарсан бөгөөд компанийн хэмжээ жижгэрэх тусам мэдээллээс холдож байгаа нь ажиглагдсан. Мөн бизнес эрхлэгчдийн 53 хувь нь төрийн бодлого, хууль, дүрэм, журам, шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчид оролцох боломж “Муу” байгааг онцолсон. Төрийн мэдээлэл нээлттэй, бодлого, шийдвэр тогтвортой байх нь албан бусаар бизнес эрхлэгчдийг албан болгоход дорвитой хувь нэмэр оруулах юм.
Хоёрдугаарт, Төрийн үйлчилгээг хялбар авахад жижиг бизнесүүдэд зориулсан зорилтот дэмжлэгийн хөтөлбөрүүдийг санал болгох. Жижиг бизнесүүдийг дэмжих, тэдэнд төрийн үйлчилгээг авахад илүү хялбар болгох, тодорхой төлбөрийн хөнгөлөлт, урамшуулал бүхий зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх нь зах зээлийг тэлэхээс гадна албан бус эдийн засагт шилжихээс сэргийлнэ. Мөн албан бусаарүйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг албажуулахад ч түлхэц болох боломжтой.
Хуулиа мөрдөж, татвараа төлөх нь үүрэг ч гэлээ таатай орчин бүрдээгүй ийм бизнесийн орчинд бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа жижиг, дунд ААН-үүдэд төрийн “дэмжлэг” хэрэгтэй байгааг хэрхэн ойлгуулах вэ?