Болгар улсын Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-ний өдрүүдэд боллоо. 71 орны 551 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монголын баг нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, холимог багаар тавдугаар байр эзэллээ.

Охидын 57 кг-ын жинд М.Цэндбазар алтан медаль хүртэж, өсвөрийн дэлхийн аварга болсон бол Г.Энхжин хүрэл медаль хүртэн, Монголын хоёр тамирчин жиндээ медалийн тавцанд зэрэгцэн зогслоо. Мөн охидын хамгийн хөнгөн жин болох -40 кг-ын жинд Б.Хулан хүрэл медаль хүртлээ.

“Софи-2025” Узбекистаны баг таван алт, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, гурван хүрэл, Бразилын баг хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар эхний гуравт жагслаа. Японы баг нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл, Гүрж нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Казахстан нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар IV-VI байр эзэлсэн бол Монголын баг нэг алт, хоёр хүрэл медальтайгаар долоодугаар байрт орлоо. 23 орон ямар нэгэн медаль хүртжээ.