
Москва хотын дарга хотын төвийн ресторанд болсон дэлбэрэлтийг "террорист халдлага" гэж мэдэгдлээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 21 хүн шархадсан.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, одоогоор хэн болох нь тогтоогдоогүй нэгэн эмэгтэй Кудринская талбай дахь Balzi Rossi ресторанд болж байсан хаалттай арга хэмжээнд гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмж байж болзошгүй зүйл авч орохыг завдсан байна.
Эрх баригчдын мэдээлснээр, уг эмэгтэй дотогш орж амжаагүй байхад тэсрэх төхөөрөмж дэлбэрч, түүнийг зогсоосон хамгаалалтын ажилтан, нэг үйлчлүүлэгч болон тэсрэх төхөөрөмж авч явсан эмэгтэй өөрөө амиа алджээ.
Албаныхан эмэгтэйн хэн болохыг нэн даруй мэдээлээгүй аж. Мөн тэр төхөөрөмжийг өөрөө санаатайгаар дэлбэлсэн эсэх нь ч тодорхойгүй хэвээр байна.
Москва хотын дарга Сергей Собянин "Өчигдөр Москвад харгис террорист халдлага болж, хэд хэдэн хүний амийг авч одлоо" хэмээн мэдэгджээ.
Тэрээр цааш нь "Энэ гэмт хэрэгт буруутай этгээдүүдийг заавал олж тогтоон, зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ" гэж хэлсэн боловч халдлагын сэдэл болон үүний цаана хэн байж болох талаар ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Кремлийг дэмждэг REN TV телевиз эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, эмнэлэгт хүргэгдсэн хохирогчдын хоёр нь шархаа даалгүй нас барсан гэжээ. Гэхдээ энэ мэдээллийг албаныхан баталгаажуулаагүй байна.
Оросын “Коммерсант” сонинд мэдээлснээр, халдлагын гол бай нь рестораны гадаах задгай дэнж дээр болж байсан хувийн арга хэмжээний зочид байжээ. Эх сурвалжуудын хэлснээр, уг арга хэмжээ маш өндөр хамгаалалттай байсан нь хохирлын тоо үүнээс хавьгүй их болохоос сэргийлсэн байх магадлалтай гэнэ.
Коммерсантын мэдээлснээр, хамгаалалтын ажилтан бэлэгтэй хайрцаг барьсан хүргэлтийн ажилтан эмэгтэйг сэжиглэн шалгахаар шийдсэн яг тэр мөчид тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн байна.
Мөрдөн шалгагчид бөмбөгийг алсаас удирдан дэлбэлсэн гэж үзжээ. Урьдчилсан дүгнэлтээр уг эмэгтэй авч явсан хайрцагтаа юу байгааг мэдээгүй байх магадлал өндөр гэж Коммерсант мэдээлжээ.
Тэсрэх төхөөрөмж нь ойролцоогоор нэг килограмм TNT-тэй тэнцэх хүчтэй байсан төдийгүй хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор металл бөмбөлгүүдээр дүүргэсэн байсан аж.
Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Дотоод хэргийн яамны Ерөнхий газрын мэдээллээс иш татан, дэлбэрэлт орон нутгийн цагаар оройн 20:10 цагт рестораны задгай дэнжийн ойролцоо болсон гэж мэдээлжээ.
Уг ресторан нь Кудринская талбай дахь Москвагийн алдарт "Долоон эгч" (Seven Sisters) хэмээх Сталины үеийн тэнгэр баганадсан долоон барилгын нэгийн суурин хэсэгт байрладаг. Эдгээр барилгыг 1950-иад онд барьсан юм.
Дэлбэрэлтийн дараахан мөрдөн шалгах тусгай баг, олон тооны цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг Москва хотын төвийн Пресненский дүүрэг, Садовое кольцо авто замын дагуух ослын газарт яаралтай илгээжээ.
Рестораны удирдлага мэдэгдэл гаргаж "Бид энэхүү эмгэнэлт явдалд гүнээ харамсаж, амь үрэгдэгсдийн гэр бүл, ойр дотнын хүмүүст чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Халдлагын шинж чанараас шалтгаалан хэн гол бай байсан талаар олон таамаглал гарч эхэлжээ. Энэ халдлага нь 2023 онд дайныг дэмжигч блогер Владлен Татарский амиа алдсан дэлбэрэлтийн хэрэгтэй төстэй байгааг ажиглагчид онцолж буй.
Тухайн үед нэгэн эмэгтэй Татарскийд бэлэг болгон өгсөн баримлын дотор нуусан бөмбөгийг хүргэж өгсөн нь Татарскийгийн гар дээр дэлбэрч түүнийг хөнөөсөн юм. Уг хэргээр тухайн эмэгтэйд 27 жилийн хорих ял оноож байжээ.